Баян-Өлгийн хүү ЮНЕСКО-гоос зарласан уралдаанд III байр эзэлжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-28
ЮНЕСКО-гоос зарласан олон улсын гэрэл зургийн “Торгоны зам залуусын нүдээр” уралдааны 14-17 насны ангилалд Монголын казах хүү Хайнарын Акжол гуравдугаар байр эзэлжээ. Уралдаанд оролцогчдын бүтээлийг ЮНЕСКО-гийн зохион байгуулах хороо өнгөрөгч долоодугаар сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаанд хүлээн авсан байна. Улмаар нийт 6700 хүний бүтээл ирснийг мэргэжлийн зургаан шүүгч үнэлж 14-17, 18-25 насны ангилалд тус бүр гурван байр, мөн гурван тусгай байр шалгаруулжээ. 14-17 насны ангилалд Энэтхэгийн Анушка Патил, дэд байрыг Балбын Ата Малла, гуравдугаар байрыг 16 настай Х.Акжол эзэлсэн бол 18-25 насны ангилалд Ираны Махмуд Басэт түрүүлж, дэд байрыг Мьянмарын На Лин Хтун, удаах байрыг Хятадын Кун Лин Кун эзэлсэн байна. Тав дахь жилдээ болж буй энэ уралдааныг “Архитектур, хөшөө дурсгал, хотжилт” сэдвээр зохион байгуулсан бөгөөд уралдаанд түрүүлсэн болон бусад шилдэг бүтээлээр зургийн цомог гаргах ажээ.
Зураг дээр: Х.Акжолын авсан гэрэл зураг
14-17 насны ангиллын нэгдүгээр байр. "Энэтхэгийн Хампи хотын эртний сүмийн ариун уст цөөрөмд". Анушка Патил, Энэтхэг.
Хоёрдугаар байр. "Катмандугийн гудамжнаа Шива бурханы шүтээнд өргөл өргөж буй". Ата Малла, Балба.
18-25 насны ангиллын нэгдүгээр байр. "Ираны өндөр ууланд". Махмуд Басэт, Иран.
Хоёрдугаар байр. "Мьянмарын дэнлүүний баяр". На Лин Хтун, Мьянмар.
Гуравдугаар байр. "Өнөө цагт цэцэглэн хөгжиж буй Хятадын эртний Сяньянь хот". Кун Лин Кун, Хятад.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.