CNN агентлаг Монголыг үндэсний хоолоор нь сурталчлав
Чихэнд чимэгтэй
2023-09-25
Өөрийн урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг Ричард Күэстийг Монголд томилон ирүүлж, өнгөрсөн 8-9 дүгээр сард манай талаар олон тооны ярилцлага, сурвалжилга, мэдээ бэлтгэн цацсан CNN агентлаг Монголын сэдвээ дахин үргэлжлүүлж байна. Энэ удаа тус агентлаг “CNN Travel” буландаа Хонконгод суугаа сурвалжлагч Мэгги Вонгийн бичсэн өгүүллийг өнгөрсөн баасан гарагт нийтэлжээ. “Монголд очсон хүмүүсийн идэж үзвэл зохих хоолнууд” хэмээх гарчигтай энэ өгүүллээ Мэгги Вонг “Хутга, түлээ, хэдэн чулуутай байхад монгол хүн гал тогоонд санаа зоволтгүй болно” гэж тэдний ярьдаг үгээр монгол үндэсний хоолыг ерөнхийд нь тодорхойлж болно” хэмээн эхэлсэн байна.
Сурвалжлагч энэ өгүүллийг бэлтгэхдээ монгол үндэсний хоол унд, уламжлалт соёлыг олон улсад танилцуулдаг, одоогоор хагас сая дагагчтай Artger Youtube сувгийн үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгстэй уулзаж ярилцсан бөгөөд “Гадаадын олон улсад байдаг “Монгол барбекью” нэртэй ресторануудын хоол бол манай үндэсний хоолноос тэс ондоо, монгол хоол огт биш” хэмээн хэлснийг нь эш татжээ. “Монгол хоол бол Барууны ертөнцөд цоо шинэ зүйл юм. Нүүдэлчний соёлоос урган гарсан болохоор манай хоолнууд маш өвөрмөц байх нь мэдээжийн хэрэг” хэмээн Р.Жавхлантөгс түүнд ярьсан бөгөөд улмаар “Гадаадынхан биднийг махнаас өөр юм иддэггүй гэж буруу боддог. Өвөл нь хахир хатуу учраас монгол хүн мах идэх нь зүй ёсны хэрэг. Харин зуны дулаан улиралд бид сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэхийн зэрэгцээ төрөл бүрийн зэрлэг жимс, ногоо идэж хоол хүнсний тэнцвэрээ барьдаг уламжлалтай” гэжээ. Сурвалжлагч мөн Өмнөговь аймаг дахь “Гурван тэмээ” жуулчны бааз, “Гоёо трэвел” жуулчны компани зэрэг аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж монгол хоолны нэр төрөл, орц найрлага, ашиг шимт чанар, бэлтгэх арга, өвөрмөц онцлогийн талаар дуулж мэдсэн олон зүйлийг уншигчидтайгаа хуваалцсан байна.
Эцэст нь тэрбээр Монголд ирэх хүмүүст жинхэнэ монгол хэмээн үзэж болох 10 хүнсийг танилцуулж буйгаа жагсааж, тэдгээрт юу юу ордог, хэрхэн бэлтгэдэг гэх зэргийг тус бүрт нь дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тэдгээр арав нь боодог, хорхог, бууз, хуушуур, борц, цуйван, битүү шөл, боорцог, өрөм, айраг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.