НҮБ-ын чуулган: Ботсванагийн ерөнхийлөгч монголчуудыг хайж ирж уулзжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-25
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 78 дугаар чуулганд оролцсон ахмад дипломатч Д.Баярхүү чуулганы үеэр өөрт тохиолдсон нэгэн сонирхолтой явдлаа Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Юу гэвэл, өчигдөр чуулганы танхим дахь Монголын хэсэг рүү нэгэн хүн ирж мэнд ус мэдэлцээд өөрийгөө танилцуулахдаа Ботсвана улсын ерөнхийлөгч гэжээ. Улмаар “Та нарт баяр хүргэх гэж ирлээ. Би далайд гарцгүй орнуудыг төлөөлж энэ саммитад үг хэлнэ. Далайд гарцгүй орнууд дотроо Монгол үнэхээр их зүйл хийж, биднийгээ үлгэрлэж байгаад баяр хүргэх гэж би та нарыг хайсаар ирлээ” хэмээн хэлсэн байна. Улмаар Д.Баярхүү түүнтэй танилцаж ярилцаад, зургаа даруулснаа Фэйсбүүктээ нийтэлжээ. Ботсванагийн ерөнхийлөгчийг Мокгвээтси Масиси гэдэг бөгөөд өдгөө 62 настай, 1989 онд АНУ-ын Флоридагийн улсын их сургуулийг дүүргэсэн, багш мэргэжилтэй хүн аж. Тэрбээр 2009 оноос парламентын гишүүн, Ботсванагийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2018 оны сонгуульд нэр дэвшин ялж тус улсын тав дахь ерөнхийлөгч болсон байна. Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү нь 2008-2012 онд Монгол улсаас Египет улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой, мэргэжлийн дипломатч хүн билээ.
Манай улс шиг далайд гарцгүй улс дэлхийд 44 байдгийн нэг нь Өмнөд Африкийн Ботсвана улс юм. Монгол улс далайд гарцгүй орнуудын хамтын нийгэмлэг дотроо нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн санал санаачлагаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг 2018 онд Улаанбаатарт байгуулж, тус байгууллагын хурал зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж ирсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.