Монголд франц хэлийг 60 жилийн өмнө зааж эхэлжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-15
Монгол улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУИС-ийн номын санд эхэллээ. Уг хуралд гадаадын зургаан орны төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцож Франц орон судлал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, франц хэл заах арга зүй, орчуулга, соёл судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна. Франц улсаас тус хуралд Сорбонны их сургуулийн профессор, монгол судлаач Гаэль Лаказ, Шинэ Сорбонны их сургуулийн профессор Мари Пиёо Луазо нар илтгэл хэлэлцүүлж байгаа ажээ.
1963-1964 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багш-орчуулагчийн таван жилийн сургалттай анги нээснээр Монгол улсад франц хэлийг албан ёсоор зааж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус ангийг 560 гаруй франц хэлний багш, орчуулагч, орон судлаач мэргэжлээр суралцаж төгссөн байна. Мөн оройн 2, 3 жилийн сургалтаар 350 гаруй хүнд франц хэл заажээ. Өнөөдөр МУИС-д франц хэлний бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байгаа бөгөөд 2023 оны байдлаар дөрвөн монгол, нэг Францын зочин багш ажиллаж байна. Харин Монголын хувийн хэвшлийн их, дээд сургуульд уг хэлийг 1990 оноос заасан нь 2018 он хүртэл үргэлжилж нийтдээ 10 сургууль энэ хэлний мэргэжилтэн бэлтгэсэн юм.
МУИС нь Франц улсын 12 их сургуультай албан ёсоор хамтран ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард Шинэ Сорбонны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Тус сургууль 2018 онд Франц хэлт их сургуулиудын холбооны (Agence universitaire de la Francophonie) Франц хэлт орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвийг МУИС-д нээсэн юм. Уг төвийн үйл ажиллагааны хүрээнд Монголын 10 гаруй оюутан Ази-Номхон далайн бүсийн их, дээд сургуульд суралцан Францын боловсролын магистрын дипломтой төгссөн байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрөгч тавдугаар сард манай улсад айлчлах үеэрээ хэлэхдээ “Бид Франц улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно” гэсэн билээ.
Зураг дээр: Олон улсын эрдэм шинжилгээний хуралд судлаач Ч.Болд “Франц улсад суралцсан монгол сурагчид. (1926-1930)” сэдвээр илтгэл тавьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.