17 сая дагагчтай энэтхэг инфлюүнсэр Монголд хийсэн аяллаа тайлагнав (видео)
Чихэнд чимэгтэй
2023-09-14
Энэтхэгийн хамгийн алдартай Юүтюүбэрийн нэг Дхрув Ратий өнгөрөгч наймдугаар сард Монголд ирж аялсан тухайгаа видео бичлэг хийснээ олон нийтэд танилцууллаа. Тэрбээр Улаанбаатарт буусныхаа маргааш Төв аймгийн Цэнхэрмандал суман дахь Хар зүрхний хөх нуурт нисдэг тэргээр очсон бөгөөд “Нисдэг тэргээр ирж чадах цөөн хүнээс өөр хүн энд байхгүй. Царцааны дууг эс тооцвол нам гүм” хэмээн ярьжээ. Хар зүрхний хөх нуурын үзэсгэлэнг тэрбээр Энэтхэгийн умард нутгийн Ладак мужид байдаг Пангон Цо нууртай адилтгасан байна. Дараа нь тэрбээр Отгонтэнгэр хайрханд очсон бөгөөд “Ногоо тарих боломжгүй газар. Эндхийн хүмүүс мах, цагаан идээгээр л хооллодог” гэжээ. Энэ мэтчилэн тэрбээр Монголын байгалийн үзэсгэлэнт хэд хэдэн газраар явж сэтгэгдлээ хуваалцсаны эцэст “Монгол бол дэлхийн хамгийн зэлүүд газар” хэмээн дүгнэхийн зэрэгцээ “Дөрвөн сая морьтой энэ улсын хүн нь мориноосоо цөөн” гэсэн байна. Монголын байгалийн үзэсгэлэнг гайхан биширсэн түүний бичлэгийг интернэтэд олон сая хүн үзэж сонирхон сэтгэгдлээ хуваалцжээ.
Эдүгээ 28 настай Дхрув Ратий 2013 оноос эхлэн гадаад, дотоод аяллын видеогоо Youtube-д оруулдаг болжээ. Улмаар зөвхөн аялал төдийгүй, нийгэм, улс төрийн асуудалд түлхүү анхаардаг болсон байна. 2023 оны есдүгээр сарын байдлаар түүний хэд хэдэн суваг нийтдээ 17.1 сая дагагчтай, нийт үзэлт нь 3.2 тэрбум хүрээд байгаа аж. Энэтхэгт дунд сургууль дүүргээд Германы Карлсруэгийн их сургуульд механик инженерийн мэргэжил эзэмшсэн тэрбээр Энэтхэг улсын иргэншилтэй боловч Герман улсад амьдарч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.