Францад гарах Чингис хааны үзэсгэлэн 10 дугаар сарын 14-нд нээгдэнэ
Чихэнд чимэгтэй
2023-09-08
Францын Нант хотын түүхийн музейд 2021 оны эхээр гарах байсан боловч Хятадын эрх баригчдын эсэргүүцлийн улмаас цуцлагдсан Чингис хааны тухай үзэсгэлэнг нөхөн гаргах болсноо уг музей өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байсан билээ. Тэгвэл уг үзэсгэлэнг нээх тов гарсан бөгөөд ирэх 10 дугаар сарын 14-нд нээгдэж, 2024 оны тавдугаар сарын таван хүртэл үргэлжлэхээр болсон байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нэр нь “Чингис хаан: Монголчууд дэлхий ертөнцийг өөрчилсөн нь” ажээ. Уг үзэсгэлэнг Монгол, Францын ерөнхийлөгч ивээлдээ авсныг мөн хэвлэлүүд мэдээлсэн байна. Мөн Франц улсад суугаа Монголын Элчин сайдын яамны өнөөдөр мэдээлснээр үзэсгэлэн нээгдэх өдөр Монгол улсын Морин хуурын чуулга Нант хотын консерваторид тоглох ажээ. Үзэсгэлэнд Монголын Үндэсний түүхийн музей, “Чингис хаан” музейгээс гадна дэлхийн арав гаруй улсын музей үзмэрээ хандивлан оролцож байгаа аж. Нант хотын түүхийн музейн эрхлэгч Бэртран Гиеэ тухайн үед хэлэхдээ “Бээжингийн эсэргүүцэл нь харин ч тустай явдал боллоо. Бээжингийн бурангуй хандлагад эгдүүцсэн Америк, Европын музей, соёлын байгууллагууд бидэнд туслахаа илэрхийлсэн нь музейн эв нэгдлийн бахархам жишээ болж байна” гэжээ. Тухайлбал, Монголын соёлын эд өлгийн зүйлсийн маш баян хөмрөгтэй Тайвань улсын музей үнэт бүтээлүүдийн хуулбар, тэр дундаа Чингис хааны эш хөргийн хуулбарыг үзэсгэлэнд явуулахаа амласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.