images

Тайвань эмч нар уруул, тагнайн сэтэрхийтэй 20 монгол хүүхдэд үнэгүй хагалгаа хийв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-09-04


   Тайванийн “Noordhoff Craniofacial” сан мөн тус улсын "Чан Гэн” эмнэлэгтэй хамтран өнгөрсөн долоо хоногт Монголын уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдийг үзэж оншлох, үнэ төлбөргүй мэс засал хийх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус сангийн илгээсэн мэс заслын баг 2010 оны наймдугаар сард Монголд анх удаа ирснээс хойш өнгөрсөн хугацаанд уруул, тагнайн сэтэрхийн өвчтэй 200 гаруй монгол хүүхдэд эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүй хийжээ. Энэ удаагийн багт нийт 13 эмч, сувилагч ажиллаж 20 хүүхдэд хагалгаа хийсэн байна. Цар тахлын дараа Монголд дахин ирж буй тус сан мөн “Чан Гэн” эмнэлэгтэй хамтран таван мэс засалч, хоёр нойрсуулагч эмч, гурван шүдний гажиг заслын эмч, нэг хэл яриа заслын эмч, хоёр сувилагч, нийт 13 монгол эмч, сувилагч нарыг тусгай сургалтад хамруулсныг ЭХЭМҮТ-д болсон уг үйл ажиллагааны үеэр сангийн ерөнхийлөгч Луо Лун Жоу онцлон тэмдэглэлээ. Энэ хамтын ажиллагаа цаашид ч үргэлжлэх бөгөөд Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү хэлэхдээ "Энэхүү боломж нь Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудад үр өгөөжөө өгч цаашид улам өргөжин ирээдүйд олон монгол хүнд хүрч тусална гэдэгт итгэж байна" гэжээ. ЭХЭМҮТ-ийн эрүү, нүүрний мэс заслын тасгийнхан жилд 450 гаруй эрүү, нүүрний гажиг, уруул тагнайн сэтэрхийн мэс заслыг хийж байна. 1959 онд Тайваньд очиж олон жил ажилласан АНУ-ын Айова мужийн эмч Сэмюэль Ноордхофф “Noordhoff Craniofacial” санг 1989 онд хувиасаа 100 мянган долларын хандив өргөн байгуулсан бөгөөд өдгөө тус сан дэлхийн есөн оронд 80 үнэгүй эмнэлэг байгуулж, нийтдээ 23 оронд  уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхдүүдийг эмчилж, эмч, сувилагчдыг сургаж байна.   

 

 

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.