35 мянган долларын үнэтэй үнэт эдлэл олж эзэнд нь эргүүлэн өгчээ
Чихэнд чимэгтэй
2023-08-21
Тайландын Пхетчабун мужид гудамж цэвэрлэдэг эмэгтэй зам дээрээс 35 мянган долларын үнэ хүрэх үнэт эдлэл бүхий хайрцаг олсноо эзэнд нь эргүүлэн өгсөн тухай “The Thaiger” сонин өнөөдөр мэдээллээ. 55 настай Ратри Чумвон хэмээх тэр эмэгтэй өглөө эрт гудамж цэвэрлэж байхдаа нэгэн айлын зэргэлдээх зам дээр дээрээс уг хайрцгийг олоод доторхыг нь үзээгүй боловч ямар нэг үнэт зүйл агуулсныг нь ойлгоод гэрийн эздийн сэрэхийг хүлээжээ. Хэдэн цаг өнгөрсөн боловч гэрээс хүн гарч ирээгүй тул тэрбээр ойролцоох рестораны эзэнд хандсан байна. Рестораны эзэн хайрцгийг нээж үзсэнд дотор нь алтан зүүлт, алтан бугуйвч, алтан хүрээтэй сахиус байжээ. Улмаар тэд хамгийн ойр байх цагдаагийн газарт очиж тэдгээр эд зүйлийг хүлээлгэн өгсөн гэнэ. Цагдаагийнхан уг зүйлийн эзэдтэй холбоо барьсанд 31 настай Иттифон гэдэг хүн байв. Иттифон урд өдөр нь үдэшлэгт оролцоод харихдаа зүүж байсан үнэт эдлэлээ хайрцганд хийсэн бөгөөд гэртээ орохын өмнө гээснийг цагдаагийнхан тогтоосон байна. Цэвэрлэгч эмэгтэй сайн үйл хийсэндээ хягзааргүй баяртай байгаагаа хэвлэлийнхэнд яриад “Хүнд тус болж буян үйлдсэнээ би нэн даруй хүүдээ утастаж хэлсэн. Хүү маань надаас дутуугүй баяртай байна” хэмээн хэлжээ.
Үүний өмнөхөн хэвлэлүүдийн мэдээлснийг үзвэл Хятадын Хөнань мужийн иргэн нэгэн эмэгтэй дүүтэйгээ хог хаяж яваад хогийн савнаас 30 ширхэг “iPhone 14 Pro” утсыг олж эзэнд нь эргүүлэн өгснөөр тэр хүн их хэмжээний төлбөрт унаж, ажлаас халагдахаас аврагдсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.