images

CNN-ий алдартай сэтгүүлч Тэрэлжид морь унаж явна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Америкийн CNN телевизийн алдартай сэтгүүлч Ричард Күэст Монголд ирж Тэрэлжийн байгальд морь унаж яваа бичлэгийг тус телевиз өнөөдөр X буюу Twitter хуудсандаа нийтэлжээ. Түүнтэй хамт морь унаж яваа хүн нь “DeFacto ярилцлагын нэвтрүүлгээрээ олны танил болсон эдийн засагч Д.Жаргалсайхан бөгөөд “Facebook хуудсандаа өчигдөр нийтэлснийг нь үзвэл тэрбээр Р.Күэстээс ярилцлага авсан төдийгүй 2010 оноос хойшх 1000 дахь зочин нь болж тун магадгүй байгааг дурдсан байна. Соёлын сайд Ч.Номингийн мөн “Facebook” хуудсандаа бичсэнээр бол Р.Күэст манайд ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэх ажээ. Их Британид төрсөн, эдүгээ 61 настай Р.Күэст сэтгүүлчийн ажлын гараагаа 1985 онд ВВС телевизээс эхэлсэн бөгөөд Катарын “Al Jazeera” телевизийн англи хэлний суваг, Америкийн ABC телевизүүдэд ажиллаж байв. Тэрбээр CNN телевизэд 2001-2006 онд, улмаар 2015 оноос хойш ажиллаж байгаа, долоо хоногт таван удаа гардаг эдийн засаг, бизнесийн мэдээллийн “Quest Means Business”, сар тутмын “Business Traveller” нэвтрүүлгийн хөтлөгч юм. Р.Күэст 2014 оны гуравдугаар сарын 14-нд сураггүй алга болсон Малайзын агаарын тээврийн ”Боинг 777” онгоцны хэрэг явдлыг эрэн сурвалжилж ном бичсэн нь нэрд гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.