images

Япон: Компанийн захирал 33.6 сая долларын шагналт цалин авчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-14


   Өнгөрсөн оны санхүүгийн жилийн тайланд үндэслэн авсан шагналт цалин, бусад урамшуулал нь 100 сая иэнийг давсан Японы компаниудын гүйцэтгэх удирдлагуудын талаарх мэдээллийг nippon.com сайт өчигдөр олон нийтэд ил болголоо. “Tokyo Shoko Research” байгууллага өнгөрсөн зургадугаар сарын 30-нд багтаан нийт 2342 компанийн ирүүлсэн дүн мэдээг боловсруулсныг үзвэл 316 компанийн гүйцэтгэх удирдлагад ажилладаг 717 хүн нийтдээ 100 саяас давсан шагнал, урамшуулал хүртсэн байна. Энэ нь өнөөдрийн ханшаар 690 мянган америк доллар юм. Авсан шагналын хэмжээ, хүртсэн хүмүүсийн тоогоор энэ үзүүлэлт нь өмнөх жилүүдийнхээс хол давжээ. 2010 онд гарсан Японы Засгийн газрын шийдвэрээр томоохон компаниуд ийм хэмжээний мөнгөн шагнал авсан хүмүүсийнхээ мэдээллийг заавал тайлагнах болсон билээ. Энэ жилийн хувьд  интернэт бизнес эрхэлдэг “Z Holdings” корпорацийн захирал Шин Жун-хо 4.87 тэрбум иэн авснаар энэ жагсаалтыг тэрүүлжээ. Өнөөдрийн ханшаар энэ нь 33.6 сая доллар болох юм. Түүний дараа “Sony” корпорацийн ерөнхийлөгч Ёшида Кэничиро 2.1 тэрбум, эм бэлдмэл үйлдвэрлэгч “Takeda Pharmaceutical” компанийн Кристоф Вэбэр 1.72 тэрбум, чихрийн шижингийн эсрэг эм бэлдмэл үйлдвэрлэгч “PHC Holdings” компанийн Жон Маротта 1.6 тэрбум, хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Tokyo Electron” компанийн ерөнхийлөгч Тошики Каваи 1.42 тэрбумаар удаалсан байна. Жагсаалтад бичигдсэн хүмүүсийн долоо нь нэг тэрбумаас дээш иэн авсан бол тэдний ганц нь л өнгөрсөн жилийнхээс арай бага хэмжээний мөнгө авч бусдынх нь бүгд өсчээ. Компаниар нь авч үзвэл, 100 саяас дээш хэмжээний урамшуулал авсан хүний 20 нь “Hitachi”, 14 нь “Itochu”, 10 нь “Mitsubishi Heavy Industries” компани удирдлагууд байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.