images

Илон Маск М.Цукербэргтэй зодолдохоосоо өмнө хагалгаанд орж магадгүй

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Орчин үеийн бизнесийн ертөнцийн хоёр аварга, хэдэн зуун тэрбум долларын эзэн идэр залуу хоёр хүн дэлхий нийтийн нүдэн дээр хоорондоо зодолдох юм гэж хэн санах билээ. Гэвч энэ нь хэрэг дээрээ бодит үйл хэрэг болж, бэлтгэл нь өдөр ирэх тусам эрчимжсээр, олны нүдийг тийн “баясгах” өдөр хэзээ хэзээгүй ойртсоор байна. Энэ явдал хэрхэн эхэлсэн бэ гэвэл Марк Цукербэрг нь “Twitter”-тэй халз өрсөлдөх “Threads” хэмээх шинэ олон нийтийн сүлжээ байгуулахаа мэдэгдсэнд “Twitter”-ийн эзэн Илон Маск түүнийг зодоонд шууд дуудсан юм. И.Маск ч зодоонд дуудсан, М.Цукербэрг ч шинэ сүлжээгээ нээсэн төдийгүй зодолдохыг урьсан урилгыг нь ч хүлээж авсан билээ. Тэгвэл И.Маскийн дуудлагаас хэдхэн өдрийн дараа ээж нь зодолдохыг нь болиулахаа хэлж, энэ явдал хүүгийнх нь нэр хүндэд халтай хэмээн болгоомжилж байгаагаа мэдэгдсэн юм. Харин өрсөлдөгч нь тун нухацтай байв. Нухацтай байхаар барахгүй “Миний хувьд өнөөдөр ч тулсан болж байна. И.Маскийг өдөнгүүт би наймдугаар сарын 26-ныг санал болгосон, хариу ирээгүй байна” гэв. Үүний хариуд И.Маск эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа хэлээд, тулааны товыг нэг хоёр өдрөөр хойшлуулж магадгүй гэсэн нь өчигдөр. “Маргааш МРА шинжилгээнд орж хүзүү, ар далаа үзүүлнэ. Хагалгаанд ч орж магадгүй. Энэ долоо хоногт бүх юм тодорхой болчихно” гэж тэрбээр хэлсэн юм.

   Гэхдээ И.Маск тулаанд өдөр алгасахгүй бэлтгэж байгаа билээ. Тухайлбал жиү-жицүгийн хар бүстэй Лекс Фридмантай эрчимтэй бэлтгэл хийж ирсэн бөгөөд Л.Фридман түүнийг их магтаж байгаа гэдэг. UFC-ийн аваргын бүстэй Жорж Сэн-Пьер мөн өөрийн санаачлагаар И.Маскийн бэлтгэлд нэлээд тусалсан бөгөөд бэлтгэлийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм. “Илон бие бялдрын хувьд маш хүчтэй хүн байна лээ. Хатуу гартай. Жүдогоор хичээллэж байсныг нь би мэдээгүй. Хамтдаа бэлтгэл хийхэд үнэхээр сайхан байсан” хэмээн тэрбээр ярьжээ. И.Маск мөн UFC-ийн олон удаагийн аварга асан Хабиб Нурмагомедовыг хамт бэлтгэл хийхээр урьсан боловч татгалзсан хариу авсан юм. Спортоос бүрмөсөн зодог тайлсан учраас тйин татгалзаж байгаагаа Оросын тамирчин мэдэгдсэн гэдэг. Харин М.Цукербэрг холимог тулааны ММА холбооны хуучин аваргуудтай бэлтгэл хийсэн бөгөөд тэдгээр тамирчид хэвлэлд нэг ч үг дуугараагүй тул бэлтгэлийн явцын талаар олон нийт ямар нэг мэдээлэлгүй байна.  

   Тулаан ямар ч байсан Лас-Вегаст болох бөгөөд UFC холбоо зохион байгуулахаа анхнаас нь мэдэгдсэн юм. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт энэ талаар хэвлэлд ярьсныг үзвэл анх М.Цукербэрг түүн рүү залгаж “Цаадах чинь [Маск] үнэнээсээ хэлээд байгаа юм уу?”  хэмээн асуужээ. Үүний хариуд Д.Уайт “Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрөөс нь асууя” гэжээ. Ингээд Д.Уайт утсаар ярьж асуусанд И.Маск “Үнэнээр барах уу” гэсэн гэнэ. Тулааныг “Twitter” шууд дамжуулна. Мөн олсон орлогыг буяны үйлсэд буюу Америкийн ахмад дайчдад хандивлах аж. “Тулааны бэлтгэлийн бүх талын ачаалал надад амаргүйгээр тусч байна. Ажлын хажуугаар хийж байгаа учраас. Тухайлан цаг гаргах бололцоо байхгүй. Тэгэхээр тулааны бэлтгэл, ажил хоёр зэрэг өрнөж байгаа гэсэн үг. Хэрвээ тулаан богино хугацаанд дуусвал би ялчих байх. Харин удаан өрнөвөл өрсөлдөгч маань тэвчээрээрээ илүүрхэж мэдэх юм” хэмээн И.Маск ярьжээ. Ямар ч байсан түүхэнд ховор тохиолдох энэ тулаан дэлхий нийтийн анхаарлыг урьд өмнө байгаагүй ихээр татаж, хэн ялахаас үл хамааран асар их хэмжээний ашиг орлого авчрах нь гарцаагүй болжээ.     

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.