images

Берлин хот соёл урлагийн салбарт зарцуулах хөрөнгөө нэг тэрбум евро болгоно

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-26


   Германы нийслэл Берлин хот ирэх 2024 онд соёл урлагийн салбарын төсвөө 947 сая евро болгон нэмэгдүүлнэ хэмээн Берлиний сенатын Соёлын сайд Жозэф Чиало өнөөдөр мэдэгдлээ. Ингэснээр Берлин хотын соёл урлагийн салбарт зарцуулах хөрөнгө энэ оныхоос 13 саяар нэмэгдэх юм. Улмаар 2025 онд энэ тоог нэг тэрбум еврод хүргэнэ хэмээн түүний мэдэгдсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Дээрх хөрөнгөөр ирэх онд Германы хамгийн том дуурийн театрын нэг болох Берлиний дуурийн театрыг шинэчлэхээс гадна музей, үзэсгэлэнгийн танхим, жүжгийн сургуулиуд, түүх дурсгалын газрууд, театруудад зарцуулах ажээ. Дуучин байгаад улс төрд орсон Ж.Чиало нь Берлиний сенатын Соёлын сайдаар өнгөрөгч дөрөвдүгээр сард томилогдсон бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд Берлиний урлаг соёлын газруудын тоог 500-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ийм газрын тоо одоо 200 байгаа бөгөөд 2030 он гэхэд төрийн мэдлийн ийм газрын тоог одоогийнхоос нэг дахин нэмэгдүүлнэ гэнэ.

   Герман улс нь соёл урлагийн салбарт зарцуулдаг хөрөнгийнхөө хэмжээгээр Европтоо дээгүүрт ордог. Өнгөрсөн жил тус улсын Засгийн газар “Kulturpass” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 18 нас хүрсэн иргэн бүртээ соёл урлагийн зардалд нь зориулж 200 евро олгосон юм. Холбооны улсын энэ салбарт зарцуулах хөрөнгийн төсөв өнгөрсөн онд 2.1 тэрбум байсан энэ жил 2.4 тэрбум болж нэмэгдсэн байна.     

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.