images

Монголын шигшээ багийн ахлагч түүхэн дээд амжилт эвдэх өдрөө хүүтэй болов

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-06-15


     Энэтхэгт болж буй “Intercontinental Cup” хөлбөмбөгийн тэмцээнд Монгол улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Манай тамирчид өнөөдөр Вануату улсын багтай тоглох бөгөөд багийн ахлагч Х.Цэнд-Аюуш талбайд гарвал шигшээ багийн бүрэлдэхүүнд 36 дахь удаагаа тоглож, нэгэн дээд амжилтыг тогтоох юм. Үүний өмнө Монголын домогт хөлбөмбөгчид болох Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай нар шигшээ багийн өмсгөлтэйгөөр 35 тоглолтод оролцон дээд амжилтын эзэн болж байв. Тэгвэл өнгөрсөн шөнө Х.Цэнд-Аюушийн эхнэр амаржиж хүү төрүүлжээ. Өөрөөр хэлбэл Х.Цэнд-Аюуш Монголын хөлбөмбөгийн нэгэн түүхэн дээд амжилтыг тогтоох өдрөө хүүтэй болж буй нь энэ юм. Тэрбээр шигшээ багт 33 удаа тоглосон амжилттайгаар Энэтхэгт очсон бол өнгөрсөн өдрүүдэд талбайн эзэн болон Ливантай манай шигшээ багийн хийсэн тоглолтод оролцсон билээ.

     Энэтхэгийн зүүн өмнөд нутгийн Одиша мужийн төв Бубанешвар хотод “Hero Intercontinental Cup” нэртэйгээр болж буй энэ тэмцээнийг мотоциклийн төрлийн хоёр дугуйт үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлдэг Энэтхэгийн “Hero MotoCorp” компани ивээн тэтгэж байна. Бүх Энэтхэгийн хөлбөмбөгийн холбооны (AIFF) зохион байгуулдаг энэ тэмцээний анхных нь 2018 онд Мумбай хотод болсон түүхтэй. Уламжлал ёсоор бүс нутгийн дөрвөн орон оролцдог энэ тэмцээн Монголын шигшээ багийн хувьд анх удаагийнх юм. Энэ жилийн тэмцээнд Вануату, Ливан, Монгол, Энэтхэгийн шигшээ багууд оролцож байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансаанд 183 дугаарт яваа манай баг өнөөдөр мөн чансааны 164 дүгээрт бичигдэж буй Вануату улсын багтай Улаанбаатарын цагаар 19 цагт тоглох бөгөөд “Premier sports 2” сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.                 

Гэрэл зургийг Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий менежер Б.Бадруулын Фэйсбүүк хуудаснаас авч ашиглав.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.