images

Энэтхэг киноны сүпер од Чингис хааны тухай кинонд гол дүр бүтээхээр зохиолоо хүлээж байна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-06-08


     Энэтхэгийн киноны өнөө цагийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Нандамури Балакришна Чингис хааны тухай түүхэн киноны гол дүрд тоглох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн талаар бид өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлж байв. Тэгвэл энэ хүсэл нь ажил хэрэг болоход ойртсон талаар Энэтхэгийн хэвлэлүүд өнөөдөр бичжээ. Өөрөөр хэлбэл, Чингис хааны тухай кино зохиол хэдийнэ бичигдэж эхэлсэн төдийгүй зохиогч нь ойрын хоёр сарын дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Киноны продюсер хэдийнэ тодорхой болсон бөгөөд зохиолыг дуусмагц Н.Балакришнад гардуулж өгнө гэдгээ хэвлэлд ярьжээ. Мөн энэ киног арилжааны хувьд ашигтай байлгахын тулд уран бүтээлчдийн баг тал бүрийн судалгаа хийж байгаа гэнэ. Продюсер Конэру Сатянарянагийн хэлснээр зохиол жүжигчний санаанд нийцвэл 2024 оны 4-5 дугаар сард болох парламентын болон орон нутгийн сонгуулийн дараа зураг авалтыг эхлүүлж 2025 онд дэлгэцэнд гаргах ажээ. К.Сатянаряна нь Энэтхэгийн кино үйлдвэрлэлийн нэг гол салбар болох телүгү хэлээрх кино зах зээлд ажилладаг бөгөөд одоогоор триллер төрлийн гурван кинонд продюсерээр ажиллаад байна. Харин Н.Балакришна нь Толливүүд хэмээн нэршсэн телүгү хэлээрх киноны өнөө цагийн хамгийн алдартай жүжигчин юм. Өдгөө 63 настай Н.Балакришна сүүлийн дөч гаруй жилд 107 кинонд тоглосны дотор “Рамаяна”, “Махабхарата” зэрэг түүхэн туульсын кинонд гол дүр бүтээжээ. Тэрбээр мөн улс төрд маш идэвхтэй оролцдог бөгөөд улс төрийн сонгууль бүхэнд, телүгү үндэстний эрх ашгийг хамгаалдаг “Telugu Desam” намаас нэр дэвшин өрсөлддөг байна.

     Энтэхэгийн дөрөв дэх том үндэстэн болох телүгү нь хүн амын 6.8 хувийг эзэлдэг буюу тоо нь 100 шахам сая юм. 2022 онд тус улсад телүгү хэлээр 219 кино бүтээгдэж 233 сая хүн үзсэн бөгөөд Энэтхэгийн киноны түүхэнд хамгийн их ашиг олсон “Baahubali 2: The Conclusion” хэмээх кино нь телүгү кино ажээ. Н.Балакришна Чингис хааны дүрийг бүтээхийг мөрөөдөж явдаг тухайгаа өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэлийнхэнд анх удаа ярихдаа, Энэтхэгийн алдартай найруулагч, мөн телүгү үндэстэн Б.Гопалаар уг киног бүтээлгэх хүсэлтэй гэдгээ хэлж байсан юм. Телүгү хэлээр Чингис хаан, Монголын түүхийн талаарх баримт, хэрэглэгдэхүүн арвин байдаг хэмээн Энэтхэгийн хэвлэлүүд тухайн үед бичиж байв.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.