10 баримт: Түүхэндээ анх удаа...
Чихэнд чимэгтэй
2023-05-31
Өнгөрсөн долоо хоногт манай улс оронд болсон нэг онцгой үйл явдал нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтыг Хятадын хилийн Сэхэ боомттой холбосон нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн явдал байлаа. Монгол улс ийнхүү түүхэндээ анх удаа нарийн царигтай төмөр замтай болох нөхцөл бүрдэв. Энэ тухай 10 баримт.
1. Шинэ төмөр замыг хувийн хэвшлийн “Нарийн сухайтын төмөр зам” ХХК өөрсдийн хөрөнгөөр барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна.
2. Төмөр замд 207 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зургаан жилийн хугацаанд ашиглаад, дараа нь төрд үнэ төлбөргүй буцааж өгөх концессын гэрээтэй.
3. 207 тэрбумын 170 тэрбумыг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэн хөрөнгөөр таван зүтгүүр, 300 орчим вагон худалдаж авна.
4. Шинэ төмөр замтай болсноор нүүрсийг автомашинаар тээвэрлэснээс 3-5 дахин бага зардал гарна.
5. Гол төмөр замын урт 7.1 км, нийт дэлгэмэл уртаараа 20 км.
6. Шивээхүрэн-Сэхэ боомтоор сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 45 сая тонн нүүрс гарсан бол шинэ төмөр замаар жилдээ 20 сая тонн нүүрс тээвэрлэнэ.
7. Шивээхүрэн боомт нь 1991 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг, Хөхөлзөхийн говь нэртэй газар байгуулагдсан, хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимоор ажилладаг боомт юм.
8. Манай улсын зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувь нь Гашуунсухайт, 25 орчим хувь нь Шивээхүрэн боомтоор гардаг.
9. Шинэ төмөр зам нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болно.
10. Засгийн газар Шинэ сэргэлтийн зургаан бодлого зарласны нэг нь Боомтын сэргэлт бөгөөд энэ бодлогыг хэрэгжүүлснээр нүүрсний экспортыг жилдээ 50 сая тоннд хүргэх зорилготой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.