images

Н.Ариунзаяа: Галвэй хотын төв зам хоёрхон урсгалтай байгааг хараад гайхсан

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2022-10-26


Монгол улсын их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Н.Ариунзаяа Ирланд улсад явж ирсэн сониноо хуваалцаж байна.

     АНУ-ын Иллинойсын их сургуульд төвтэй судлаачдын нэгдэл байдаг юм. Тус нэгдэл дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр судалгаа хийдэг судлаачдыг нэгтгэдэг. Энэ жил тус байгууллага долоо дахь удаагаа “Media and mass communication” ерөнхий сэдвийн дор олон улсын хурал зохион байгууллаа. Түүнд анх удаагаа манай улс оролцож, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн гурван багш Ирланд яваад ирсэн. Энэ жил 18 орны судлаач хуралд оролцсоноос Монгол, Энэтхэг хоёр Ази тивийн төлөөлөл болов. Бусад нь бүгд Барууны орнуудаас иржээ.

Ирланд

            Бид Ирландын нийслэл Даблин хотод хэсэг хугацааг өнгөрүүлсэн юм. Дараа нь Ирландын их сургууль байрлаж буй Галвэй, Даблинтай ойролцоо Нован хотуудад очсон. Ирландын их сургууль 1800 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Сургуулийн орчин, кампус, эргэн тойрон нь үнэхээр гоё. Харри Поттерийн кинонд гардаг шилтгээнд очсон шиг санагдсан. Галвэй хот чулуун байгууламж ихтэй эртний хот. Маш олон ордонтой. Тэр дундаас хамгийн сонин содон нь Слайн кастл байсан. Манай “Playtime” шиг дэлхийн одууд очиж тоглон хүмүүсийг цуглуулдаг юм билээ. Мөн утга, уран зохиолыг их дээдэлдэг газар юм байна гэж санагдсан. Зохиолчдийн баримал, тэднийг алдаршуулсан зүйлс ихтэй. Бид Оскар Уайлдын хөшөөн дээр очсон. Нэг гайхсан юм нь манайхаар бол төв зам нь ердөө хоёрхон эгнээ буюу нэг нэг урсгалтай байсан. Ямар ч сигналын дуу, уур бухимдал, түгжрэл байхгүй. Их сургуулийн кампус руу явах зам нь хүртэл нэг урсгалтай. Машин зөрөх боломжгүй. Хэрэв зөрөхөөр бол 50-100 метр тутамд нэг машин орж зогсох жижиг жижиг зогсоол хийгээд өгчихөж. Өөд өөдөөсөө хоёр машин ирж байгаа тохиолдолд хэн яараагүй нь тийшээ орж зогсоод л зөрчихнө. Тэрийг хараад уур бухимдалгүй, амар амгалан нийгэм юм аа гэж бодлоо. Галвэйг хүний эрхийн гүүр гэдэг юм байна лээ. Гэхдээ олон төрлийн арьсны өнгөтэй хүн байдаггүй шиг санагдсан. Том том шар хүмүүс азиудыг харахаараа гайхаж хардаг юм билээ.

Хүмүүс

     Хуралд оролцсон хүмүүсээс нэг нь надад их сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр хүн Албамагийн их сургуулийн профессор. Түүний доктороо хамгаалах үйл явц хялбар байгаагүй. Арван жил зарцуулсан гэнэ. Анх докторын хөтөлбөртөө элсэж орсныхоо дараа эхнэрээ алдаж, сэтгэл санааны хямралд оржээ. Тэгээд доктор хийхээ больё гэж байгаад эргэж урам зориг нь сэргэж л дээ. Ингээд докторын зэрэг хамгаалсныхаа дараа бугуйн дээрээ “доктор” гэсэн шивээс хийлгэсэн байна. Тэр судлаачид доктор болох үйл явц үнэ цэнтэй байснаас гадна би чадсан гэдэг тамгыг өөртөө үлдээхийг хүссэн гэж байна лээ.

Хурал

     “Common ground research networks” гэдэг энэ нэгдэл жил бүр хурлаа өөр өөр оронд зохион байгуулдаг. Ирэх жил Испанийн Мадридад зохион байгуулна гэж байна лээ. Хуралд Нью-Йоркийн их сургууль, Миссүрийн их сургууль, Канадын их сургуулиуд гэх зэрэг дэлхийд дээгүүр жагсдаг орнуудын судлаачид ирж илтгэлээ танилцуулсан. Тэд “Tik tok” гэх мэт дэвшилтэт технологид суурилсан харилцааг чухалчилж судалжээ. Хэвлэл мэдээллийн  хэрэгсэл, сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй олон нийтийн харилцаа тал руугаа аливаа сувгийг ашиглаад ямар харилцаа үүсгэж байна вэ гэдэгт анхаарсан байна. Бидний хувьд “Нүүдэлчдийн мэдээлэл харилцааны нөлөө” гэсэн сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн. Судалгааг МУИС-ийн СЗОНХТ-ийн багш Г.Мэндхүү, Т.Өнөрсайхан бид гурав хийсэн юм. Энэ судалгаа 2020 онд эхэлж, жил хагасын дараа дууссан. Малчдын харилцаанд технологи яаж нөлөөлж байгааг харахыг зорьсон бөгөөд сонирхолтой үр дүн гарсан шүү. Нүүдэлдчийн харилцаа гэхээр яах аргагүй аман харилцааны тухай ярина. Тэгвэл аман харилцаа дэлхий дахинд технологийн түрлэг хүчтэй байгаа энэ үед мөн чанар, утга, ач холбогдлоо хадгалж чадаж байгаа эсэхийг мэдэхийг зорьсон. Бид судалгааны үр дүнгээ удахгүй хэвлүүлнэ.

Судалгаа

     Илтгэлүүдээ ангилчхаад панел хэлэлцүүлгүүд хийдэг. Би хүссэн хуралдаа саналаа өгөөд ороод сонсож болно. Миний суусан хурлуудаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл ковидын үед нэмэгдсэн тухай судалгаа сонирхолтой байсан. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл буурч байсан шүү дээ. Нью-Йоркийн их сургуулийн багш зургаан улсыг хамарсан судалгаа хийжээ. Гэтэл 2020, 2021 онд уламжлалт мэдээллийн хэрэгслийн үнэ цэн нэмэгдсэн үр дүн гарсан байна. Юу билээ гээд бодтол бид ч бас 11 цагийн мэдээг тогтмол үздэг байсан. Би ганцаараа тийм биш дэлхий даяараа тийм байж. Мөн шинэ технологитой холбоотой дэлхийн эдийн засгийн талаар ярьж байхад хандалтын эдийн засаг уул уурхай, байгалийн баялагтай тэнцэхүйц хэмжээнд хүрч, дэлхийн эдийн засгийн тодорхой хувийг эзэлсэн хүч болсон талаар дурдсан. Тэр нь олон нийтийн харилцааны хэрэгслүүдээр дамждаг.

Санаа

     Бид дотроо л эргэлдээд байдаг. Аль болох гадагш харж, хүмүүсийг даган дуурайхаас илүү тэдний туршлагыг хэрэгжүүлэх, шинэ зүйл турших нь дутмаг. Саяын хурал бидэнд судалгаа шинжилгээний ажлын хүрээнд ч тэр нэлээн олон гүүр, байр суурь, өнцөг байгааг харууллаа. Манай улсын хүн амын 30 хувь нүүдэлчин, 70 хувь нь суурин амьдардаг. Бид хосолсон соёл иргэншилтэй гэхээр хүмүүс их сонирхож байсан. “Миний удам угсаа нүүдэлчид” гэж хэлэхээр бидний соёлын үнэ цэн, гайхамшгийг мэдрэх шиг болсон. Сонсогчид бидний илтгэлийг гайхалтай сайхан хүлээн авсан нь бид өөрсдийнхөө үнэ цэнтэй зүйлийг гаргах хэрэгтэй юм байна, биднийг дэлхий сонирхож байгаа учраас бид өөрсдийгөө таниулах, сурталчлах ажлыг сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгууллаа. Аль аль талдаа хүлээлтэд хүрсэн хурал байв. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж дараа дараагийн судалгаа бүтээлдээ анхаарч гадагш дотогш явж юм үзэж, дуулах нь зүйтэй гэж бодож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.