Вашингтоны Тагнуулын мүзей Чингис хааныг онцлов
Чихэнд чимэгтэй
2023-05-23
АНУ-ын нийслэл Вашингтон хотод байдаг Олон улсын тагнуулын мүзей Америкийн соёл бүрэлдэхэд Ази, Номхон далайн гаралтай хүмүүсийн үзүүлсэн хувь нэмрийг бахархан тэмдэглэх сарын хүрээнд тусгай үзэсгэлэн гаргахаар болжээ. “Deceptions” нэртэй энэ үзэсгэлэнд дэлхийн тагнуулын хөгжилд ази гаралт хүмүүсийн оруулсан түүхэн хувь нэмрийг харуулах бөгөөд тэдгээр түүхэн хүмүүсийн нэг нь Чингис хаан мөн хэмээн үзэж тусгай үзмэрүүд дэлгэхээр болжээ. “13 дугаар зууны үеийн монголчуудын удирдагч Чингис хаан Ромын эзэнт гүрнээс хоёр дахин том эзэнт гүрнийг Ази, Европыг дамнуулан байгуулсан бөгөөд Хятад, Перс зэрэг их гүрнүүдийг эзлэхдээ өөрийн хүчийг бодит байдлаас хавьгүй илүү гэж дайсандаа ойлгуулан төөрөлдүүлэх арга хэрэгслийг тулалдааны талбарт ч, түүнээс гадна ч маш чадамгай хэрэглэж гарамгай амжилтад хүрсэн” хэмээн энэ үзэсгэлэнгийн талаар мэдээлсэн Энэтхэгийн “Outlook” сэтгүүлд бичсэн байна.
Үзэсгэлэнд Чингис хаанаас гадна хэд хэдэн хүнийг танилцуулах бөгөөд Энэтхэгээс Нур Инайят Хан, хятадаас Ту Зуачао нарын хүмүүсийг сонгожээ. Нур Инайят Хан нь Энэтхэгийн лалын шашинт язгууртан айлын охин бөгөөд Дэлхийн II дайны үеэр Их Британийн армид алба хааж байхдаа нацист Германд эзлэгдсэн Францын ар талд гурван сарын турш ажиллан нууц радио холбоогоор Их Британийн талд үнэлж баршгүй чухал мэдээ дамжуулж, улмаар илчлэгдэн цаазлагдсан хүн ажээ. Харин радио инженер Ту Зуачао нь 1930-аад онд Японд эзлэгдсэн Хятадын нутагт радио засварын газар ажиллуулж байхдаа радиог долгион хүлээн авагч төдийгүй долгион дамжуулагч болгон хувиргаж тагнуулын үйл ажиллагаанд ашигласан нь Хятадын Ардын чөлөөлөх армийг ялалтад хүргэхэд асар чухал хувь нэмэр оруулсан гэнэ.
Зураг дээр: Олон улсын тагнуулын мүзейд буй XIV зууны үеийн монгол дайчны хөө хуяг, жад.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.