images

В.Путин Украины Мариуполь хотод гэнэт ирэв

Duuren.Life

Видео мэдээ

2023-03-19


     ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эзлэгдсэн Мариуполь хотод гэнэт иржээ. Донбасст нисдэг тэргээр ирсэн тэрбээр өчигдөр орой Мариуполийн гудамжаар өөрөө машин барин явж зарим байгууламжийг үзсэний зэрэгцээ оршин суугчидтай уулзаж ярилцсан байна. Кремлийн хэвлэлийн алба энэ талаар мэдээлэхдээ “Ерөнхийлөгч шинээр барьж буй орон сууцны хороолол, нийгэм, боловсрол, эмнэлгийн байгууламж, тэдгээрийн дэд бүтэцтэй танилцсан” гэжээ. ОХУ-ын Засгийн газрын шадар сайд М.Хуснуллин түүнд гурван сарын дотор сэргээн босгосон филармонийн барилгыг танилцуулсан бөгөөд “Хотын төвийг энэ оны сүүлч гэхэд бүрэн сэргээн босгох төлөвлөгөөтэй” гэсэн байна. Мөн түүний хэлснээр нийтийн тээвэрт одоогоор 110 автобус үйлчилж байгаа бөгөөд энэ зуны эцэс гэхэд трамвай явж эхэлнэ гэнэ. “Невский” бичил хороололд В.Путин иргэдтэй уулзаж, хорооллын нэг айлд гэрийн эздийн урьсны дагуу зочилсон байна. Үүний дараагаар тэрбээр Цэргийн тусгай ажиллагааны командын байранд болох зөвлөгөөнд оролцохоор Ростов-на-Дону хот руу морджээ.

     Орос-Украины дайн эхэлснээс хойш В.Путин Украины эзлэгдсэн нутагт анх удаа ирж байгаа нь энэ юм. Өчигдөр Гаага хот дахь Олон улсын эрүүгийн шүүхийн урьдчилсан шатны танхим түүнийг, эзлэгдсэн газар нутгаас украин хүүхдүүдийг хууль бусаар ОХУ-д албадан гаргасан хэрэгт буруутгасан шийдвэр гаргасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.