“Apprentice” уралдаант шоуны ялагч Ж.Дашням шинэ ажилдаа оржээ
Чихэнд чимэгтэй
2023-03-14
“Монгол HD” телевизээр зургаан сарын турш үргэлжилж саяхан өндөрлөсөн “Apprentice” уралдаант шоуны ялагч Ж.Дашням өчигдөр шинэ ажилдаа оржээ. Тэрбээр “Ард венчурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд “Ард” группийн дижитал стратегийг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Дижитал стратеги эрхэлсэн захирлын ажлыг хавсран гүйцэтгэхээр болсон байна. Компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсаныг үзвэл, Ж.Дашням нь жилийн 300 сая төгрөгийн цалин, урамшуулал авахаар гэрээ байгуулжээ. Тэрбээр 2015 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийг бизнесийн менежментийн бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд Монголын анхны дижитал маркетингийн агентлагийг үүсгэн байгуулж дижитал маркетинг, маркетингийн технологи, маркетингийн автоматжуулалтын чиглэлээр 8 жил ажилласан байна. “Apprentice” уралдаант шоуны II улиралд 1000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг 14 залуу нэвтрүүлэгт оролцох эрхийг авч өрсөлдсөн юм.
“Ард санхүүгийн нэгдэл” нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг байна. Монголын Хөрөнгийн биржэд тус группийн хөрөнгө оруулалттай долоон компанийн хувьцаа арилжаалагдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.