Монгол улс Ташкентад дипломат төлөөлөгчийн газраа нээнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-09
Узбекистан улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд Б.Саидовтай албан ёсны хэлэлцээ хийжээ. Монгол улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд манайхаас Узбекистан болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх болон манайд хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдсэн байна. Узбекистаны тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгуулах, мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах саналыг дэвшүүлжээ. Талууд мөн хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, 2022 оны 6 дугаар сараас хэрэгжиж буй харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр болон бусад хэлэлцээрийг байгуулахаар тохиролцжээ. Мөн Төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улс Узбекистанд дипломат төлөөлөгчийн газрыг Ташкент хотноо энэ онд багтаан байгуулах, Элчин сайдын яам нээх тодорхой нөхцлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Энэхүү айлчлал нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол улсын Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал болж буй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.