Гишүүн Ж.Чинбүрэн Д вирусийн эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэй зөвлөлдөв
Чихэнд чимэгтэй
2023-01-24
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр болсон иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцож, элэгний Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултад хариулжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эмчилгээнд хоёр эм хэрэглэж байгаа бөгөөд нэг эмийг нь Монгол Улсад оруулж ирэх албан ёсны уулзалт, хэлцлүүдийг Ж.Чинбүрэнгийн санаачилгаар 2019 онд эхлүүлсэн ч эм үйлдвэрлэгчийн тодорхой шалтгааны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалд ороод байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Ж.Чинбүрэн иргэдийн уулзалтаас гарсан шаардлагыг Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад уламжилж, уг эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор 2023 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд “2023 ондоо багтан гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай” гэж Ж.Чинбүрэн хэлжээ.
Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэд элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх үйл явцыг түргэсгэхийн тулд уг эмийг үйлдвэрлэгч компанид иргэдийн гарын үсэг зурсан хүсэлтийг илгээх, Засгийн газарт мөн үйлдвэрлэгч компанитай гэрээ хэлцэлд орохыг шаардах, гол эмийн эмчилгээ Монголд нэвтэртэл элэг хамгаалах эмчилгээ хийх үнийг бууруулах, гепатит Д вирус тоолох, үг үйлчилгээг даатгалд хамруулдаг болох гэх мэт тодорхой ажлуудыг хийхэд иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгтэй зөвшилцсөн байна.
Манай улсад хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн, 9.4 хувь нь гепатит В вирусийн, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд гепатит Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.