500 сая долларын өртөгтэй Шанхайн дуурийн театр ирэх сард ашиглалтад орно
Шанхай хотын Дуурийн их театрын барилгын ажил зургаан жил гаруй үргэлжилсний эцэст ирэх 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээхээр болжээ. Норвегийн "Snøhetta" архитектурын товчоо болон Хятадын Архитектур дизайны урлаг судлалын хүрээлэнгийн хамтран зураг төслийг нь гаргасан уг барилгын шавыг 2019 оны 12 дугаар сард тавьсан юм. 146.7 мянган ам.метр талбай бүхий тус цогцолборын дээврийг хятад дэвүүрийн хэлбэртэй бүтээжээ. Дээвэр рүү өгсөх мушгирсан цагираг шат нь газартай шууд холбогдох ба дээврийн талбай нь жилийн 365 өдөр, 24 цагийн турш иргэд болон жуулчдад нээлттэй байх аж. Театр олон улсын стандартад нийцсэн үзвэрийн гурван танхимтай бөгөөд төв танхим 2000, хоёрдугаар танхим 1200, бага танхим нь 1000 хүний суудалтай. Шинэ театрын нээлтийн улирлын тоглолтууд 2027 оны хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нийт 47 уран бүтээлийн 82 удаагийн тоглолт зохион байгуулна. Шанхай хотын дундуур урсдаг Хуанпу голын дагуу байгуулсан “Экспо” соёлын паркийн дунд байрлах уг театрын барилга угсралтын нийт төсөв ойролцоогоор 3.5 тэрбум юань буюу 500 сая ам.доллар болсон байна. Барилга архитектурын салбарт өндөр нэр хүндтэй “Snøhetta” компани өмнө нь Бээжингийн Төв номын сан, Бээжингийн Урлагийн музей, Ханжоу хотын “Qiantang Bay” музейн зураг төслийг гаргажээ.





ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







