Энэ сард Хятад улсаас 10 мянган тонн бензин авахаар боллоо
БНХАУ-ын Газрын тосны корпораци (CNPC) Монгол улсад энэ есдүгээр сард 10 мянган тонн автобензин, 4000 тонн онгоцны түлш, 3000 тонн дизель түлш нийлүүлэхээр боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Хятадад айлчлах үеэрээ буюу өчигдөр тус компанийн ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж энэ талаар хэлэлцэн тохиролцжээ. Мөн нэмэлтээр энэ сард 25 мянга, 10 дугаар сард 40 хүртэл мянган тонн түлш нийлүүлэх хүсэлтийг тавьсан бөгөөд Хятадын тал хүсэлтийг шуурхай судлан нааштай хариу өгөхөөр чармайна гэдгээ илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр мөн Дорнод аймаг дахь “Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр газрын тосны жилийн олборлолтыг 0.8–1 сая тонн хүргэх техникийн болон эдийн засгийн үнэлгээг хамтран хийх юм. Сайд Г.Дамдинням мөн CNPC компанийг Монгол улсын шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийхийг урьж, 1-2 шинэ талбайд урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээг хамтран эхлүүлэхээр тохиролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







