images

"Apple” Хятад дахь “iPhone” утасны үйлдвэрүүдээ Энэтхэг рүү нүүлгэнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-29


   “iPhone” утас үйлдвэрлэгч “Apple” корпорац Хятад дахь үйлдвэрүүдээ хоёр жилийн дотор Энэтхэгт нүүлгэн шилжүүлэх болсон талаар “Financial Times” сонин мэдээллээ. Хятадын үйлдвэрээс хамааралтай байдлаа бууруулахын тулд “Apple” энэ шийдвэрийг АНУ, Хятадын худалдааны дайн эхлэхээс өмнө гаргасан бөгөөд сүүлийн үед хоёр улсын гаалийн татварын зөрчилдөөн ширүүссэн тул нүүлгэн шилжүүлэх үйл явцаа түргэсгэхээр шийдсэн хэмээн “Financial Times” бичсэн байна. Ингэснээр 2026 оны эцэс гэхэд “Apple” АНУ-ын зах зээлд борлуулах бүх “iPhone” утсаа Энэтхэгт үйлвэрлэдэг болохоор төлөвлөжээ. Харин АНУ-аас бусад оронд нийлүүлэх утсаа Хятадад урьдын адил үйлдвэрлэсээр байх гэнэ. Өнөөдрийн байдлаар “Apple” корпорац ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэж байгаа юм. 2024 онд тус корпорац дэлхийн зах зээлд 232.1 сая ширхэг “iPhone” утас нийлүүлсний 90 хувийг Хятадад үйлдвэрлэсэн байна. Харин нийт утасны 28 хувийг АНУ-ын зах зээлд нийлүүлжээ.

      “Apple”-ийн Энэтхэг дэх үйлдвэрлэлийн гол түнш нь тус улсын "Tata Electronics” болон Тайванийн “Foxconn” компани юм. “Apple” компани мөн Энэтхэгийн эрх баригчидтай сайхан харилцаатай байхыг хичээж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Вашингтон, Дели хоёр худалдааны харилцан таатай нөхцөл бүрдүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байгаа билээ.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.etftrends.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.