Украинд солонгос цэргүүд байлдаж байгааг ОХУ анх удаа хүлээн зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2025-04-28
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.Герасимов ерөнхийлөгч В.Путинд Курск мужаас Украины цэргийг хөөн гаргасан талаар илтгэхдээ Хойд Солонгосын цэргийн оролцоог онцлон тэмдэглэлээ. “Манай газар нутагт хууль бусаар халдан довтолсон Украины зэвсэгт бүлэглэлүүдийг бут ниргэн Курск мужийн хил дагуух нутгийг чөлөөлөхөд ОХУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан Бүх талын стратегийн хамтын ажиллагааны гэрээний дагуу тус улсын цэргийн алба хаагчдын үзүүлсэн дэмжлэгийг тусгайлан тэмдэглэхийг хүсч байна” хэмээн тэрбээр хэлжээ. “Украины халдлагыг няцаахад Солонгосын Ардын армийн байлдагч, офицерууд Оросын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, тулалдаанд эр зориг, тэсвэр хатуужлын үлгэр жишээг үзүүллээ” хэмээн В.Герасимов илтгэсэн бөгөөд энэ нь Хойд Солонгосын цэрэг Украинд байлдаж байгааг Кремль анх удаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байна.
Украины арми 2024 оны наймдугаар сарын 6-нд ОХУ-ын Курск мужид цөмрөн 5000 гаруй хүнтэй Суджа хот, бусад олон арван тосгон сууриныг эзлэн авсан юм. Энэ оны гуравдугаар сард Оросын цэрэг өргөн фронтоор сөрөг давшилтад орж хэдэн өдрийн дотор 1100 кв/км нутгийг чөлөөлсөн билээ. Өнөөдрийн байдлаар Курск мужийг бүрэн чөлөөлөөд байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: www.libertyinnorthkorea.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.