images

Чоно, баавгай хоёрын ховорхон нөхөрлөлийг фото зурагт буулгажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-04-25


   Финландын гэрэл зурагчин Ласси Раутиайнен өнгөрсөн жил ойд тааралдсан саарал чоно, хүрэн баавгай хоёрыг 10 хоногийн турш даган явж зургийг нь авсан нь онгон байгаль, зэрлэг амьтны гэрэл зургийн ертөнцөд зүй ёсны анхаарлыг татжээ. Түүнийг сэм дагасан 10 хоногийн турш гичий чоно, маахай хоёр өдөр нь тал тал тийшээ явж орой нь уулзан өглөө болтол хамт байдаг байжээ. Ийм маягаар тэд бие биеэсээ огт салаагүй бөгөөд олсон хоолоо хуваан идэж байв. Чоно, баавгай хоёр нэг дор, тэр тусмаа хамт амьдрах явдал туйлын ховор юм. Анх тэдний яаж ийнхүү нөхөрлөснийг гэрэл зурагчин мэдэж чадаагүй байна. Өөрийн гэсэн сүрэггүй, хэн хэн нь ганцаардсан нь тэднийг ийнхүү ойртоход хүргэсэн байж магадгүй хэмээн тэрбээр үзжээ. Чоно, баавгай хоёрын аль аль нь насаар залуу байсан гэнэ. Эдүгээ 68 настай Л.Раутиайнен 1978 оноос хойш байгалийн гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд мөн аялал жуулчлалын бизнес эрхэлдэг ажээ. Байгаль, зэрлэг амьтан, тэр дундаа чоно, баавгайн зургийг дагнан авдаг тэрбээр Финланд, Норвеги, Италийн байгалийн гэрэл зургийн нэр хүндтэй олон шагналын эзэн, хэд хэдэн фото цомгийн зохиогч юм.

Гэрэл зургийн эх сурвалж: www.beautyofplanet.com

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.