Элчин сайд Н.Чимгүүндарь Францын үндэсний гавьяаны одон хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-04-14
Монгол улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Н.Чимгүүндарь Франц улсын ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны одонгийн Хүлэгт баатар хэмээх зэрэглэлийг хүртжээ. Н.Чимгүүндарь нь мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) Бэлтгэл ажлын албаны дарга бөгөөд Франц улсаас Монгол улсад суух Элчин сайд Коринна Пэрэйра да Сильва өчигдөр шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Франц, Монголын хамтын ажиллагаанд болон хоёр улсын хамтын үнэт зүйлүүдийг сурталчлан таниулахад оруулсан урт удаан хугацааны чухал хувь нэмрийг тань үнэлж уг шагналыг олголоо. COP17 бага хурлыг Монгол улсын дипломат үйл ажиллагааны нэгэн амжилт болгохын зэрэгцээ, цөлжилттэй тэмцэх шинэ чухал алхмыг эхлүүлэхийн төлөө бид тантай илүү нягт хамтран ажиллахдаа туйлын баяртай байх болно” гэжээ. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэ шагнал нь олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тууштай, үр дүнтэй ажилласан байдлыг тань олон улсын хэмжээнд үнэлсэн эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монгол-Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү түүхэн амжилтад гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье" гэсэн байна.
Францын үндэсний гавьяаны одонг ерөнхийлөгч Шарль дө Голлийн зарлигаар 1963 онд бий болгосон бөгөөд Францын төрийн дээд шагналууд дотроо ач холбогдлоороо Легионы одон, Чөлөөлөлтийн одон, Цэргийн гавьяаны одонгийн дараа дөрөвдүгээрт ордог байна. Одон дотроо таван зэрэглэлтэй бөгөөд тав дахь нь Хүлэгт баатар хэмээх зэрэглэл ажээ. НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол улс нийслэл Улаанбаатар хотноо ирэх 2026 онд зохион байгуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.