Оргодол хүүхдийг олж аварсан минь
Өнөөдрийн Хууч
2025-03-06
1965-1969 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын бага сургуулийн захирлаар ажиллаж байсан ахмад багш Сунгаравын Төмөрбаатар агсны дурсамж
“Миний бие Манхан сумын сургуульд монгол хэл, уран зохиолын багш, пионерийн бүлгэмийн удирдагчаар ажиллаж байгаад 1965 оны наймдугаар сард аймгийн Гэрээрлийн хэлтсийн даргын тушаалаар Мөнххайрхан сумын сургуулийн захирлаар томилогдон очсон юм. Тэр жил тус сургууль 4 багш, 1 туслах ажилчин, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хичээл эхэлж байлаа. Дотуур байрны хүүхдүүд байрнаасаа оргох явдал их тохиолдоно. Тэр бүрийд шаварт унасан шарын эзэн гэгчээр сургуулийн захирал юм уу, ангийн багш нь өртөөний мориор араас нь явж олж ирдэг байв. Нэг удаа Сэрвээ багштай 2-р ангийн сурагч Поолуугийн Сосорбарам гэдэг хүүхэд байрнаасаа оргосон байлаа. Нэгдлийн ня-бо Дамбын Дорлигтой хоёулаа өртөөний мориор араас нь мордлоо. Дорлиг нутаг орноо сайн мэддэг хүний хувьд сайхан сэтгэлээр надад тусалж хамт явсан нь тэр. Оройхон тэнгэр эвгүйрхэж нүүр нүдгүй цасан шуурга тавьж эхлэв. Хүйтэн ч гэж жигтэйхэн. Чихэнд цасан шуурганы улин исгэрэхээс өөр юу л үл сонсогдоно. Поолуу гуайнх Хөндийн Шилийн өтөг гэдэг газар өвөлжиж байсан гэх сурагтай. Орой харанхуй болсон хойно Шилийн өтөгт хүрч очвол тэнд айл байсангүй, нүүгээд явчихжээ. Дорлиг гуай хашир хүн болохоороо гэрийн буурин дээгүүр явж үзсэнээ “Эднийх өчигдөр юм уу, өнөө өглөө нүүсэн бололтой. Хичээл тараад үдийн хоолоо идчихээд явсан хүүхэд яаж ч хурдан яваад нүүдлээс өмнө ирээгүй нь лавтай. Саяхан тэнд нэг хүний мөр харагдах шиг болсон” гээд гар чийдэн тусган малын хотон дотор явж үзлээ. Шуурга улам ширүүссээр байв. Дорлиг нэгийг гэнэт санав бололтой хотны мухар өөд зүтгэн нэг нэгнээ түшсэн том хадны нөмөр хөндий рүү шагайснаа “Бос чи, гараад ир” хэмээн дуудахад далжин муу бакалтай хүүхдийн хөл үл ялиг хөдөлж байлаа. Сосорбарам хүү яг осгож үхэхийн даваанд тулсан байв. Ингэж Дорлиг бид хоёр эрлээ олон нөгөө бээрч осгосон оргодлоо морин дээр дүүрч Сэнхэрийн гол руу орон эхний айлд ирж зузаан үстэй дээлээр хучаад аманд нь хайлуулсан шар тос цутгаж байж арайхийн сэхээж авсан билээ. Тэгэхэд би хацар болон хүзүүгээ хөлдөөж нэлээд зутарсан юм. Дорлиг гуай жилийн эцсийн мал тооллогоор тэднийд ирж мал тоолох үед хэдэн ямаа дутсаныг уг хадны агуйгаас олж байснаа гэнэт санан тийш очиж үзсэнээр аз болж хүүхдийг олсон нь тэр юм. Хэрэв надтай хамт Дорлиг гуай яваагүй бол юу болох байсныг одоо ч санахаас аймаар”
“Мөнх цастаараа овоглосон миний сургууль /1948-2018/” номын 114-115 дугаар тал