images

"Дурлаж бичсэн шүлэг"


   "Номин талст" хамтлагийн хит дуунуудын нэг "Дурлаж бичсэн шүлэг"-ийг хамлагийн гитарчин Д.Өлзий-Орших зохиожээ. 2000-аад онд нэгэн эмэгтэй түүнд “Чи над руу “Westlife My Love” дууны аяыг нокиа гар утcан дээр хийгээд явуулчих” хэмээн ханджээ. Тэр энэ дуугаар яах гэж байгааг нь лавлатал “Монголын эрэгтэй хамтлаг дуучид ямар ийм гоё дуу дуулах биш” хэмээн хариулсан байна. Тэгтэл Д.Өлзий-Орших яг энэ дууны хэв маягаар чамд зориулж зохиогоод өгье гэж өнөөх эмэгтэйд ам гарчээ. Энэ явдлаас

“Сэтгэлийн үгээ чамдаа би хэлье

Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулья

Чиний сэтгэлийг өөртөө татах гээд

Дурлаж бичсэн шүлэг минь билээ”  хэмээх дахилт төрсөн байна. Тухайн үед “Номин талст” хамтлаг шинэ цомгын ажилдаа шамдаж Д.Өлзий-Оршихийн “Чи”, “Баяртай гэж битгий хэлээч” гэсэн хоёр дуугаа бичүүлж байжээ. Тэгээд хамтлагийн Д.Батсүх А.Хаянхярваа нар “Цомогт дахиад нэг дуу дутаад байна. Бэлэн дуу байна уу, эсвэл яг одоо зохиогоод өгчих” хэмээн Д.Өлзий-Оршихоос шалжээ. Тэгэхээр нь өнөөх хийсэн ганц дахилтаа дуулж өгтөл, дэмжигдээд дуу зохиох болж төгөлдөр хуур дээр суугаад 15 минутын дотор бадаг, бриджийнх нь аяыг хийж гэнэ. Улмаар продьюсер Н.Халиуны аранжировка хийдэг өрөөнд явж очоод шууд найруулгаа хийжээ. Гэтэл үг нь ер болж өгдөгүй гацчихаад байтал яруу найрагч Д.Ган-Очир гаднаас орж ирснээр шүлгийг нь үргэлжлүүлэн зохиож өгсөн байна. Ингээд хоёр хоногийн дараа дуулж бичүүлэх гэтэл мөн л “Номин талст”-ын дуулалт гитарчин Д.Өлзий-Оршихын санасанд хүрсэнгүй. Үргэлжлүүлээд шөнө гурван цаг хүртэл студид ноцолдож байгаад гэртээ харьжээ. Маргааш өдөр нь хамтлагийн Д.Батсүх дуу бэлэн болсныг Д.Өлзий-Оршихт дуулгаж, шинэ өлгийдсөн дуугаа 102.5 ФМ-ээр явуулсан байна.