images

Цэргийн ангийн морь сургагч болоод Германд очсон нь


   Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Дуламын Чимэддорж гэж сайхан өвгөн буурал байлаа. Тэрбээр өгүүлэхдээ: "Улс, хувьсгалын 35 жилийн ойгоор би Улаанбаатарт Нисэхийн ангид байлаа. Цэргийн баяраар барилдаад манай аймгийн Эрдэнэцогт сумын Ламын гэгээний шавийн гаралтай Батдорж бид хоёр үзүүр түрүүнд үлдэж байлаа. Тэр үед манай ангийн захирагч Зайсанов (Домогт нисгэгч, нисэхийн анхны генерал, хошууч генерал. (1908-1967) байгаад дараа нь саяхан баатар болсон доо, Гунгаа дарга (Монгол улсын баатар, Гавьяат нисгэгч, хошууч генерал. (1916-2010) болсон. Нэг өдөр штабын дарга Жамган манай аймгийн Гурванбулагийн улаан Бэгз бид хоёрыг дуудлаа. Очсон чинь "За, адуутай нутгийн цэргүүд морьд сургана гэв". Тэгтэл Бэгз "Би сарлаг л унадаг. Морь унадаггүй" гэтэл "Та нарт үүрэг өгч байна. Та хоёр дөрвөн морь тусгайлан сургаж бэлтгэнэ" гээд Шувуун фабрикийн урдах хойшоо харсан цагаан хошууны тэндэх Цэргийн ерөнхий сургуулийн тэнд тусгайлан байрлуулав. Бас тогооч гаргаж өгөв. "Тэгээд маргааш цэргийн агт аймгуудаас ирнэ. Сургах дөрвөн морио сонгож авцгаагаарай" гэлээ. Маргааш нь эхлээд Өвөрхангайн агт ирлээ. Сүргийн манлайд дэлтэй цагаан хонгор морь хоёр тийш толгойгоо савчуулаад ирж байлаа. Түүнийг би сонгож бариултал Өвөрхангайн агтчингууд "Наадах чинь олигтой юм сурахгүй. Ёстой муу зан сурчихсан адуу байна билээ" гэлээ. Би шууд л бариуллаа. Гэтэл манай Бэгз нэг хээлтэй гүү шиг цүдийсэн морь сонгоно гэнэ. Би "Чи ямар үхэр хариулах гэж байгаа биш" гээд нэг хүрэн үрээ зааж сонгуулав. Тэгээд би цагаан хонгортоо мордтол Хөшигтийн хөндийн Баян уулаад хоёр тийшээ савалзаж булгиад явж өглөө. Тэгсээр нэг юм булгихаа больж, номхорч хөлсөндөө дарагдаад хоёр жавьжаар нь цагаан хөөс сахраад ирэв.

   Маргааш нь Дундговийн агт ирлээ. Агтчингууд нь "Цагаан хонгороо зарчих" гэнэ. Би цэргийн морь улсынх, болохгүй гээд сольсонгүй. Тэгээд бид морьдоороо өндөр саад, гүнзгий нүхэн дээгүүр харайгаад, галтай хаалган дундуур давхиад гардаг болгож сургалаа. Морио шавхчаад байхгүй бол гардаггүй байлаа. Сүүлд нь тусгай үүрэг гүйцэтгэх морьдыг шалгалаа. Миний хоёр морь шалгалтанд онц дүн авав. Бэгзийн хоёрын нэг нь онц, нөгөө нь сайн авлаа. Мөн нэг өдөр Жанжин штабаас Дамдинхүү генерал ирж шалгалт авав. Цэргүүдийг модон морин дээгүүр харайлгахад манай энэ Чимэдцэрэнгийн том ах Ойдов бид хоёр сайн харайгаад. Генерал "Яасан сайн харайдаг юм, ахиад нэг харайгаатах. Харья" гэлээ. Би модон морин дээр малгай өрж тавиад харайхдаа нэгийг нь авч толгойдоо өмсөөд залбирч буй мэт буулаа. Тэгтэл Дамдинхүү генерал "Хаанахын хэн гэдэг цэрэг вэ? гэлээ. Би "Нисэхийн ангийн морь сургагч Дуламын Чимэддорж" гэсэнд "Нисэхийн хүү нисэх нь шив дээ. Яасан золбоотой хүү вэ. Аавын хүү шиг аавын хүү байна" гээд намайг үнсээд Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй баярын бичгээр шагнаад, 14 хоногийн орон нутгийн чөлөө өгсөн юм. Чөлөөгөөр нутаг яваад иртэл цагаан хонгорыг алдсан сураг гараад. Одоо яана даа гээд адуучид дээр очтол ашгүй олдсон байж билээ. Тэгээд намар нь Жанжин штаб дээр дуудаж байна. Бэгз бид хоёр явж очтол найман платкан майхан, штабын найман майхан барьсан байлаа. Тэгээд бид Герман явсан даа. Манай 15 цэрэг, 15 цагдаа Берлин, Лейпцигт 14, 14 хоног сургалтанд сууж, их бууны ангид туршлага судлахаар явсан. Бид хоёр бас зарим тохиолдолд монгол хүний моринд эрэмгий үзүүлбэрээ үзүүлэх байлаа. Гэтэл таван улсын элчин сайд нар ирсэн байгаад (НАТО-гийн эсрэг Варшавын гэрээний байгууллага байгуулагдсан байсан цаг),  15 дахь хоног дээр Батаа сайд "Та нар нэн даруй буцаж, маргааш 12 цаг гэхэд Москвад очсон байх шаардлагатай байна. Баруун Берлинд (Берлиний хана баригдаагүй байсан цаг бөгөөд баруун, зүүн берлинчүүд нэвтрэлцэхэд харьцангуй боломжтой байсан цаг) Монголын цэрэг Зүүн Германд ирсэн байна. Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэх нь гээд далд яригдаж байна гэнэ. Тиймээс даруй буцацгаа" гэсэн үүрэг өгөв. Тэгээд бид шууд буцсан. Тэр үед Бямбын Ринчен гуай Унгарт эрдмийн зэргээ хамгаалахаар явж байлаа. Москвад иртэл бидэнд Германы Хөдөө аж ахуйн сайдын бэлэглэсэн алтан нуухтай фосфортой цаг, цэргийн хоёр нүдний "Рыцарь" дуран, манай таван жилийн гавшгайчирхуу маягийн Германы Гавьяаны тэмдэг зэргийг офицер дарга нар хураагаад авчихсан. Бидэнтэй Дотоодыг хамгаалах яамны Намжил хурандаа, Од хошууч, ХААЯ-ны орлогч сайд Гүнтэнсүрэн, малын их эмч буурал Цэдэнхүү нар хамт явсан юм. Гэтэл ирсэн хойно Офицеруудын ордонд олон цэргүүд авчирч дүүргээд, биднийг хамгийн нүүрэнд суулгаад нэр дуудан нөгөөх хураасан Гавьяаны тэмдэг зэргийг ёслол төгөлдөр гардуулж өгсөн юм.

   Тэр удаа бид найрамдалт Социалист Герман улсад очихдоо ачааны вагоноор 6000 эм хонь, 250 хуц, циркэд нь таван үхэр, таван морь, таван тэмээ бэлгэнд хүргэж өгсөн. Бас тэр үед Германд манай таван эр, таван эмэгтэй өнгөт хэвлэлийн үйлдвэрт суралцахаар очиж байв.

   Ер нь тэр улс хувьсгалын 35 жилээр олон сонин үйл явдал Нисэхэд болсон. Ойгоор Америкийн сэтгүүлч ирэх болоод. Тэгээд ирэхэд нь Ринчен Бямбаев гуай Буянт Ухаагийн зам дээр хонь хариулж яваад гараа өргөөд "За, Та нартай хамт хот орьё" гээд. "Өө, та хот орж яах нь вэ?" гэхэд нь "Хот орж юм үзье" гээд ... , Ширэндэв гуайг үхэр фермийн эрхлэгч болгож хуураад... (гээд инээв).

   Германаас ирээд ангидаа иртэл намайг 45 хоногийн холбооны курсэд явууллаа. Яваад иртэл "Сайн суралцсан" гээд Завхан аймагт шинээр байгуулагдаж байгаа цэргийн нисэх буудлын эрхлэгчээр таван цэрэгтэй явуулав. Донойн хөндийд анх нисэх буудалтай болж би холбоочин бөгөөд эрхлэгч нь. Миний доорх таван цэргийн нэг нь точкийн ахлагч Мигдорж, нэг нь тогооч, нэг нь ирсэн хүмүүсийн буудлыг, хоёр нь онгоцны үйлчилгээг хариуцдаг байсан юм. Завханд  манай Богд сумын Ойдовсамбуу хамт байсан. Хааяа иргэний АН-2 онгоц хоёр аймгийн дунд гээд ирдэг байлаа. Аймаг, аймгаас тав таван хүн л суулгадаг байсан. Би аргалаад ганц нэг хүн нэмж суулгачихдаг. Тэд надад бас ч үгүй мөнгө өгдөг л байлаа. (гээд инээв)

   Тэнд би 1956 оны 12 дугаар сараас 1958 оны наймдугаар сар хүртэл анхны эрхлэгч хийсэн. Тэгээд цэргийн нисэх, иргэний нисэх болж өөрчлөгдөх болж Б.Цог генерал хэсэг хүмүүстэй ирж солилцож хүлээлцсэн. Улиастайн Ганцын давааны арын бензин колонкын тэнд оросууд цэргийн онгоцуудыг устгасан. Тэгээд бид Улаанбаатартаа ирсэн юм. Хотод манай Нисэхийн ангид ч хуучин байлдааны "Ил "онгоцуудыг задлаад моторыг нь Аж үйлдвэрийн комбинат руу явуулж, хоосон их биеийг нь голын хөндийд хаядаг байсан. Тэр үед энэ Төв аймгийн Сэргэлэнгийнхэн л цадсан даа. Дугуйнуудыг нь салгаж морин тэрэг хийгээд.

- Цэргээс ирээд хаана ажиллав? 

-Албаа хаагаад Баян-Овоо сумдаа ирсэн. Тэгээд Архангай аймаг явж малын санитарын курст сураад, сумандаа малын бага эмч хийв. Нэг удаа аймгийн холбооны Буудай дарга дээр ороод цэрэгт Нисэхэд алба хаасан, холбоочин болж Завханы Улиастайд холбоочин, эрхлэгч байсан тухайгаа ярьж холбоочны үнэмлэхээ үзүүлтэл "Өө, та манайд маш хэрэгтэй хүн байна. Хөдөө аж ахуйгаасаа яаж ийгээд гараатах. Гарлаа л бол маргааш нь би шууд авна" гэж байна. Тэгээд баз Жаргал (хожим аймгийн 18 дугаар баазын дарга байсан) нартай ярьж байгаад гарсан даа. Холбооны салбарт 30 гаран жил ажиллав. Баян-Овоо сумынхаа холбооны анхны эрхлэгч байлаа. Баянхонгор аймгийн баруун талд, Баян-Овоо сумын урдах "Орбит" радио релейний 15 дугаар станцад ажиллаж байлаа" гэхчлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, өвгөн буурал Дуламын Чимэддорж ах нэгэн Цагаан сараар хуучилж билээ. Үлгэр домог яриад байгаа юм шиг хэр нь онтой, сартай, эзэнтэй үйл явдлуудыг ярьсан нь эх орны эгэл цэрэг явсан буурлын сонин сонирхолтой түүхэн үйл явдлуудын гэрч байсныг нотолно.

ШУТИС-ийн профессор Ю.Болдбаатарын цахим хуудаснаас өөрийнх нь зөвшөөрлөөр авч нийтлэв.