10 баримт: Нар хиртэлт
10 баримт
2024-04-08
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Хойд Америкт нар бүтэн хиртэнэ. CNN телевизийн мэдээлж буйгаар АНУ-д л гэхэд 30 сая хүн тухайлан сонирхож үзэхээр бэлтгэж буй байгалийн энэ ховор үзэгдлийн талаарх зарим баримтыг “10 баримт” булангаараа хүргэж байна.
1. Нар, дэлхий, сар гурвын байрлал нэг шугаманд зэрэгцэж нэг нь нөгөөгөө халхлах тохиолдол байдаг. Хэрвээ дэлхий дунд нь байж сүүдэр нь саранд тусвал сар хиртэлт, харин сар дунд нь байж нарны гэрлийг халхалбал нар хиртэлт гэнэ.
2. Сар дэлхийгээс хамгийн холд байж, нарыг бүрэн халхалж чадахгүй, түүнээс арай бага юм шиг харагддаг хиртэлтийг хүрээт буюу цагариган хиртэлт гэдэг.
3. Харин сар дэлхийд хамгийн ойр байж нарыг бүрэн халхалбал бүтэн хиртэлт болно.
4. Энэ удаагийн нар хиртэлт АНУ, Канад, Мексикийн нутгаас харагдана.
5. Ингэхдээ хамгийн түрүүнд Номхойн далайн өмнөд хэсэг дэх Күүкийн арлуудад харагдана.
6. Нарыг хаасан сарны сүүдэр улмаар цагт 2000 километрийн хурдтайгаар Номхон далайн зүүн хойд руу нүүж Мексикийн эрэгт орон нутгийн цагаар 11 цаг, долоон минутад үзэгдээд 20 минутын дараа Мексик, АНУ-ын хилийг давна. Улмаар Хойд Америкт нэлэнхүйд нь үзэгдээд хагас цагийн дараа Атлантын далайд “уусч” алга болно.
7. Дараагийн хүрээт хиртэлт энэ жилийн 10 дугаар сарын хоёронд болж, Өмнөд Америкт үзэгдэнэ.
8. Дараагийн бүтэн нар хиртэлт 2026 онд болох бөгөөд Атлантын далайгаас харагдана.
9. Нар хиртэлт дунджаар хэдхэн минут үргэлжилдэг бөгөөд онолын хувьд хамгийн удаан үргэлжлэх хугацаа нь долоон минут, 32 секунд юм.
10. Нар хиртэлт нэг жилд доод тал нь хоёр, дээд тал нь таван удаа тохиолддог.
Гэрэл зургийн эх сурвалж: “Getty Images”
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.