Зуунд алдаршсан хуримын даашинз болон түүнийг урлаачийн түүх
Анд нөхдийн мэдээ
2023-09-06
1953 оны есдүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Род-Айленд мужийн Ньюпорт хотод сенатын гишүүн 36 настай Жон Кеннеди болон “Washington Times Herald” сонины сурвалжлагч 24 настай Жаклин Бувиер нарын хурим болжээ. Америкийн улс төрийн мандаж буй од гэгдэж байсан Жон Кеннедигийн хуримын үеэр зочдын анхаарлыг гойд татсан нэгэн зүйл бол сүйт бүсгүйн хуримын даашинз байв. Ташуу V хэлбэрийн энгэртэй энэхүү гоёмсог даашинз нь хожим АНУ-ын тэргүүн хатагтай болсон Жаклины загварын шүтээнүүдийн эгнээнд зүй ёсоор ордог байжээ. Зуунд алдаршсан энэхүү даашинзыг урласан хүн бол Анн Лоу (1898-1981) хэмээх хар арьст загвар зохион бүтээгч байсан бөгөөд тухайн үедээ арьс өнгөний үзлээс болоод олигтой үнэлэгдэж чадаагүй байна. Харин өнөөдөр Жон Кеннеди, Жаклин нарын хуримын 70 жилийн ой тохиож, олон жил далд явсан дизайнер Анн Лоу агсан олны анхаарлын төвд орж иржээ. Ирэх 9-ний өдөр Делавэрийн өвлийн музейд түүний бүтээлийн хамгийн том үзэсгэлэн гарахаар болсон байна. “Anne Lo-American couturier” нэртэй энэхүү үзэсгэлэнд өмнө нь олон нийтэд үзүүлж байгаагүй 40 бүтээл дэлгэгдэх ажээ. Өмнө нь тэргүүн хатагтай Жаклиний амьдралыг харуулсан "Камелотын цаана" үзэсгэлэн Охайо мужийн Кантон дахь АНУ-ын Тэргүүн хатагтайн номын санд нээгдсэн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл нээлттэй байх юм. Энэхүү үзэсгэлэнд мөн Анн Лоугийн амьдрал, уран бүтээлийг онцлон харуулсан байна. Ж.Кеннедигийн дурсгалын цуглуулгад байгаа Жаклины хуримын даашинзны хуулбарыг мөн үзэсгэлэнд дэлгэжээ.
Анн Лоу 1898 онд Алабамад оёдолчны гэр бүлд төржээ. Эмээ нь цагаан арьст фермерийн эзэн болон хар арьст боол хоёрын дундаас төрсөн эрлийз байсан аж. Лоу багаасаа л ээж, эмээ нараасаа хувцас урлах аргыг сурсан байна. Арван дөрвөн настайдаа гэрлэсэн нөхөр нь түүнийг оёдлын ажлаа орхихыг шаардахад тэрбээр нөхрөөсөө салж, хүүгээ дагуулан Флорида руу нүүн ирж хуримын даашинз урлаж эхэлжээ. Улмаар 19 настайдаа загварын ертөнц гэгддэг Нью-Йорк хотод очиж Гэгээн Тейлорын дизайнерын сургуульд элсэн орсон байна. Арьсны өнгөөр гадуурхагдаж цагаан арьст оюутнуудаас тусдаа суун хичээллэсээр сургуулиа төгсчээ. Удалгүй түүний Флоридад нээсэн хувцасны дэлгүүр нь төсөөлж байснаас илүү амжилтанд хүрч, өөрийнхөө чадварыг мэдэрсэн тэрбээр Нью Йорк руу нүүж иржээ. Түүний хувцаснууд Neiman Marcus, Saks Fifth Avenue зэрэг дээд зэрэглэлийн дэлгүүрүүдэд зарагддаг болсноор нэр хүнд нь жинхэнэ ёсоор алдаршиж эхэлсэн байна. Улмаар Рокфеллер, Рузвельт, Дюпон зэрэг нэр хүндтэй хүмүүст захиалгаар үйлчлэх болж, Жаклины хуримын даашинзыг хүртэл урласан ажээ. Хатагтай Жаклины энэхүү алдартай хуримын даашинз эзэндээ иртлээ багагүй адал явдал туулсан байна. Тухайн үед Анн Лоу хуримын даашинзын захиалгыг хүлээн аваад бүтэн хоёр сар хөдөлмөрлөж дуусгасан боловч хурим болохоос долоо хоногийн өмнө түүний ажлын байрны ус зайлуулах хоолой дэлбэрч хувцасны өрөө усанд автсанаас болж даашинз өмсөх аргагүй болжээ. Лоу шантралгүй өөрийн мөнгөөр дахин даавуу, гоёл чимэглэл худалдаж аваад, тав хоног нойр хоолгүй ажиллаж байж анхны даашинзтайгаа яг адилханыг урлаж чаджээ. Амласандаа хүрч даашинзаа урлаж дуусгасан боловч 2200 ам.доллар олох боломжоо алдаж, харин ч эсрэгээр нь 700 долларын алдагдал хүлээсэн байна. Тэрбээр алдартай хосын хуримын даашинзыг хүргэж өгөхөөр хуримын ордонд ирэхэд албаны хүмүүс түүнийг хар арьстан хэмээн гадуурхаж арын хаалгаар орохыг шаарджээ. Энэ үед Лоу "Хэрэв тийм бол би энэ даашинзаа аваад буцна" гэж эсэргүүцсэн тул аргагүй ёслолын танхимын урд хаалгаар оруулсан байна. Анн Лоугийн амьдрал амаргүй замыг туулжээ. Өвөрмөц хэв маяг, уран сайхнаараа түүний хувцаснууд олны таашаалд нийцэж байсан ч олон үйлчлүүлэгчид хар арьстны урласан хувцас хэмээн үнээ буулгахыг шаарддаг байжээ. Ийм явдал байнга давтагддаг байсан тул тэрбээр эдийн засгийн хувьд үргэлж хямралтай байв. 1958 онд тэрбээр хувцасны дэлгүүр ажиллуулдаг хүүгээ ослоор алдсан байна. Хувцасны дэлгүүрийнх санхүү улам дордож, 1962 онд өрөө төлж дийлэлгүй дампуурчээ. Гэтэл гэнэт нэрээ нууцалсан нэгэн гарч ирээд бүх өрийг нь төлж барагдуулжээ. Түүний хэн болох нь өнөөг хүртэл тодроогүй ч тухайн үеийн тэргүүн хатагтай Жаклин Кеннеди байсан гэсэн таамаг байдаг ажээ. А.Лоугийн эрүүл мэнд дордож хараа нь муудсанаас 1972 онд тэтгэвэртээ гарч, есөн жилийн дараа өөд болжээ.
Зуунд алдаршсан даашинзыг урласан загвар зохион бүтээгч Анн Лоу
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.