Япон: Хэт халууны улмаас амьтны хүрээлэнгийн гурван арслан үхжээ
© Tokyo zoological park society

Япон: Хэт халууны улмаас амьтны хүрээлэнгийн гурван арслан үхжээ


   Япон улс даяар хэдэн долоо хоногийн турш үргэлжилж буй хэт халалтын улмаас Токиогийн "Тама" амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, хэд хэдэн арслангийн биеийн байдал муудсан тухай “Japan Times” сонин мэдээллээ. Зургаадугаар сарын дундуур арслангуудад хоолонд дургүй болох, ядрах, хөдөлгөөн нь багасах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул долоодугаар сарын 23-наас эхлэн арслангийн үзүүлбэрийг бүрэн зогсоосон байжээ. “Тама” амьтны хзрээлэн нь доллдугаар сарын 18-ны байдлаар 5 эр, 11 эм, нийт 16 арслантай байснаас гурван настай Мүги, 11 настай Ичиго, 15 настай Луэна нэртэй эм арслангууд үхсэн байна. Эмчилгээний баг сэнсээр сэрүүцүүлэх, усаар шүрших, шингэн сэлбэх эмчилгээг цаг тухайд нь хийсэн боловч Муги 28-нд, Ичиго ба Луэна нар амралтын өдрүүдээр дараалан үхжээ. Одоогоор өөр гурван арслан босч чадахгүй, биеийн байдал нь хүнд байна.

   Задлан шинжилгээгээр, тэдгээр арслан шингэний дутагдалд орж, зарим эрхтний хэвийн ажиллагаа алдагдсанаас болж үхсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь хэт халуунаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, амьтны хзрээлэнтэй ойролцоо орших Хачиожи хотод долоодугаар сарын 23-нд агаарын температур Цельсийн 38.9 градус хүрсэн гэнэ. Япон даяар долоодугаар сарын дунд үеэс хойш 40 градусаас дээш халах тохиолдол 34 удаа бүртгэгджээ. Мөн 23-нд Шизүока мужийн Сакүмад 41.1, Аичи мужийн Тоёодад 40.8 градус хүрсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.