images

"Хөөрхөн борлог морь"


Монгол түмний үе үеийнхний хайртай дууны нэг Пунцагбалын ая, Х.Хуушааны үг “Хөөрхөн борлог морь” дуу хэрхэн бүтсэн талаар уг дууны үгийг бичсэн жолооч Х.Хуушаан гуай зохиолч Б.Ойдовт хэрхэн хүүрнэснийг доор сийрүүлэв.  

     “Би 1956 онд Тээврийн яамны авто сургууль төгслөө. Тэгээд тэрэг олдохгүй сар гаруй болов. Цуг төгссөн залуучууд маань энд тэнд тээврийн тэрэг бариад л, би хорхой хүрээд л… Гэтэл нэг өдөр сургуулийнхаа үүдэнд гиюүрээд сууж байтал нэг их сайхан шилэн “Победа” машин ирээд зогсдог юм байна. Тэр машинаас буурал толгойтой, тавь орчим насны нэг хүн буугаад захирлын өрөөнд орчихов. Ийм сайхан машин барих юмсан гээд мөрөөдөөд сууж байтал захирал намайг дуудууллаа. Яваад ортол “Чамайг сар гаруй хүлээлгэчихлээ. Чи энэ хүнийг таних уу? Улсын хөгжмийн драмын театрын дарга, Богд хаанд тоглодог, Ардын жүжигчин Нямын Цэгмид гуай чинь шүү дээ. Энэ хүн зөөлөн чихтэй, мэргэжилдээ гайгүй, цаашдаа хүмүүжүүлбэл хүн болчихоор жолооч гуйсан юм” гэж хэлээд “Таньд энэ хүүхэд ямар санагдав?” гэхэд Цэгмид гуай “Нүдэнд дулаахан банди байна. Цаад чанарыг нь ажиллаж байж л мэднэ дээ гэж хэлж байна. Би ч баярласан гэж жигтэйхэн. Ингээд л би Нямын даргын жолооч болсон доо. Цэгмид гуайг би Нямын дарга гэж авгайлдаг байсан юм.

     Юманд заавал нэг учир шалтгаан гэж байдаг байх. Хэрвээ би Нямын даргын жолооч болоогүй бол “Хөөрхөн борлог морь” дуу төрөө ч билүү, үгүй ч билүү, хэн мэдлээ. Манай театр бас нэг “Зис-5” машинтай байлаа. Тэрийг нь би бас барина. Хааяа Налайх руу нүүрсэнд явна. Тэгж байтал 1958 он гарлаа. Надмид гэдэг ачигч надтай хамт нүүрсэнд явж, бид хоёр нүүрсээ элбээд аччихдаг байсан юм. Гэтэл би нүүрс ачиж байгаад үхрийн шагайн чинээ нүүрсэн дээр хальт гишгэчихэв ээ. Өмсөж явсан нэг муу бакиалан гутал маань хоншоороороо зад үсрээд, цаанаас нь уранхай оймс цухуйгаад ирлээ. Өвөл болчихсон, жигтэйхэн хүйтэн байсныг ч хэлэх үү. Төдөлгүй нүүрсээ ачаад хот руу явах болж Надмид миний тэргийг барив. Тэгээд би хажууд нь суугаад янз бүрийн л юм бодлоо доо.

     Өнөө муу уранхай гутлаа харсан чинь хөдөө байгаа ээж минь бодогдоод ер болж өгсөнгүй. Бодвол гутлаа оёулахсан гэж л тэр байлгүй. Мөн миний нэг хөөрхөн борлог морь байсан юм. Тэр морь маань, ээж маань хоёулаа бодогдоод нэг л сонин болоод явчихлаа. Урьд өмнө нь би ерөөсөө шүлэг бичиж яваагүй л дээ. Тэгээд Надмидыг зогсоотох гэсэн чинь “Яах гэж байгаа юм бэ” гээд зогсож өгсөнгүй. Ер нь нэг зогсох хэрэг байна, зогсоотох гэсэн чинь Налайхын наад талын тосгоны дэнж дээр нэг юм зогслоо. Тэгээд би харандаа цаас хайгаад ойчив. Ашгүй тэгсэн багажны хайрцганд үзүүргүй харандаа байхаар нь шүдээрээ үзүүрлээд, цаас олдохгүй болохоор нь замынхаа хуудсан дээр бичиж гарав. “Хөөрхөн борлог морь” дууны шүлэг ямар ч засваргүйгээр шууд л ороод ирсэн.

Хөөрхөн борлог мориороо

Хөндийгөө туулах сайхансан

Хөгшин буурал ээжийгээ

Хүндлэн асрах сайхансан

Ганган борлог мориороо

Газрын холыг туулна даа

Голын хайртай ээжийнхээ

Гараас нь хөтлөх сайхан даа

Энгэрийн ганцхан модондоо

Элээ шувуу эргэхгүй

Эмгэн буурал ээж минь

Эргэж наддаа олдохгүй…

     Маргааш нь шинэ цаасан дээр буулгаад ичиж бэмбэгнэж байгаад л Нямын даргад үзүүллээ. Нямын дарга тэгсэн чинь контор луугаа авч ороод нэлээд удсанаа дуудаж байна. “За хоёулаа Соёлын яам руу очино. Чиний энэ шүлэг чинь ардын хэлбэртэй, гоё ганган үггүй, яг л амьдралыг биччихсэн тун ч аятайхан юм байна. Гончигсумлаад өгч гоё ая хийлгэнэ” гэж байна. Маргааш нь тэгээд дарга “Би Гончигоод хэлчихсэн. Түүнд шүлгээ аваачиж өг” гэлээ. Намайг яваад очтол Гончигсумлаа гуай “Ах нь Москва яваад сар болоод ирнэ. Тэр үед өгөөрэй” гэв.

     Орой нь би гэртээ ирлээ. Тэр үед миний дүү бүсгүйтэй сууж байсан Пунцагбал гэдэг хүн манайд байх. Би түүнд “Гончигсумлаа гуай ая хийнэ гэсэн” гээд нөгөө шүлгээ үзүүллээ. Тэгсэн чинь Пунцагбал “Боль. Би ая хийж болдоггүй юм уу?” гэж байна. Бас л над шиг өмнө нь ерөөсөө юм зохиож яваагүй хүн шүү дээ. Тэгээд манайд нэг мандолин байсан юм, тэрийг шөнөжингөө дон дон хийлгээд хоночихов. Өглөө нь нэг юм зохиочихсон аялж байна аа. Тэгээд бас л Нямын даргад үзүүлэхээр болов. Тэднийх нэг баянхуур хөгжимтэй байсан юм. Пунцагбал тэр хөгжмийг дараад дуулж үзүүлтэл Нямын даргын эхнэр Банзрагч гуай “Их аятайхан дуу болсон байна” гэж магтлаа. Нямын дарга ч их таатай байгаа бололтой “Наад дуу чинь аяндаа гараад ирнэ, их хол явах дуу байна. Ер нь Гончигсумлаад өгсний хэрэггүй. Та хоёр чинь жинхэнэ авъяастнууд байсан байна шүү дээ” гээд их баярлаж байна аа. Тун удалгүй энэ дуу главлитаар орж зохиолч Л.Ванган гуай “Онц” үнэлгээтэй баталж өгсөн. Үнэлгээ нь онц байсан болоод ч тэр үү, овоо хэдэн төгрөг олдож, тэр үeд ид моодонд орж байсан 25-ын үзэгнээс эхнэртээ нэгийг, өөртөө нэгийг аваад, хоёр шил архи авч театрынхандаа өгөөд, бас нэг орос хром аваад өмсчихөж билээ. Нөгөө ханзарсан бакиал чинь явж явж ингэж орос хром болсон доо. Ёстой л нөгөө “Бакиалыг тордвол хром, байлдагчийг тордвол гeнeрал” гэдэг шиг л юм болсон.

     “Хөөрхөн борлог морь” дууг Улсын дуу бүжгийн гоцлол дуучин Дайриймаа анх дуулсан. Тэгээд л газар сайгүй түгчихсэн дээ. Удалгүй Дэлхийн залуучууд оюутны их наадам болж Ардын жүжигчин Жаргалсайхан, өөр хэн хэн ч билээ, хоёр гурван дуучин энэ дуугаар алтан медаль авсан. Хожим Булган аймгийн Пүрэв-Очир, Төв аймгийн Базаргүр гэдэг хүмүүс бас алтан медаль авсан. Албан ёсоор дуулж Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн хүн бол Ардын жүжигчин Түмэндэмбэрэл. Түүнийг үнэндээ би дуулуулчихсан юм. Бид хоёр нэг нутгийнх. Би Увсын Зүүнхангайнх, тэр Өндөрхангайх. Тэгээд би жаахан халамцуу гэрт нь ороод “Миний дууг бусад нь дуулаад байхад чи яагаад дуулдаггүй юм бэ” гээд агсам тавьчихсан юм. Тэгсэн чинь тун удалгүй Түмэндэмбэрэл маань дуулаад гарсан даа, хөөрхий”.