images

Өвгөн туульчийн ид чадал


Урианхайн алдарт туульч Сүхийн Чойсүрэнгийн ач хүү Б.Мөнгөнхөлөг өвөөгийнхөө тухай ийн хуучилжээ

     Нутгийн өвгөд хөгшид, нутаг голын хэн боловч адуу мал алдагдах, хот хүрээнд суралцаж буй хүүхдийнхээ явах суух зэрэг янз бүрийн асуудлаар Айдаагаар мэргэ төлөг тавиулахаар ирдэг байв. Айдаа гэдэг маань миний өвгөн аав, урианхайн алдарт туульч Сүхийн Чойсүрэн бөгөөд бид тэгж авгайлан дууддаг байсан юм. Өвгөн аав тэр бүхэнд цааргалдаггүй, заримдаа далны яс түлж мэргэлэх бөгөөд ихэнхдээ дөчин нэгэн чулуу тасална. Айдаа маань зард гарсан мэргэн түргэн хүн биш боловч гайхалтай онож хэлсэн мэргийг нь би нэг бус удаа нүдээр үзсэн билээ.

     Манай бригадын Балжаа хэмээх өвгөн Улаанбаатар хот руу сургуульд явсан хүү нь амралтаараа ирэхгүй удсан учраас юунаас болж саатсан, хэдийд ирэхийг үзэж өгөөч гэж ирэхэд Айдаа далны яс түлсэн юмдаг. Тэгээд шатаасан далаа ихэд хянамгай шинжиж үзээд “Замдаа унаа нь жаахан саатсан байна. Харин гэртээ ирчихсэн байх юм даа” гэхэд бид бүгдээрээ ташаа хэллээ дээ гэж бодож байлаа. Гэтэл тэр өвгөн хүүгээ асуухаар манайх руу мордох хооронд хүү нь зөрөөд гэртээ ирчихсэн байсан билээ.

     Бас нэг явдал. Уртнасан авга эгч тэмээдээ авчран хужирлахаар Битүүтийн таг руу мордов. Өглөө эрт мордсон тэрбээр оройн саалины үеэр нэлээд даарч бээрсэн шинжтэй ирэхдээ нэг тэмээ дутуу авчрав. Айдаагийн “Бичкэн хар” гэгч тэмээ ижил сүрэгтээ байсангүйд авга эгч түүнийг Битүүтийн тагаас өдөржин эрээд олоогүй ажээ. Авга эгчийг муу мэдээтэй ирсэнд Айдаа жаахан бухимдаад, үдэш нь дал түлж үзэв. Тэгээд “Бичкэн хар тэмээ толгой мэнд, Битүүтийн тагт л байх юм даа” гэв. Маргааш өглөө нь чулуу тасалж үзээд “Өчигдрийн байсандаа л байж байна. Толгой ч мэнд” гээд өөрөө мордлоо. Тэгээд бага үдийн алдад Битүүтийн тагаас хар тэмээгээ олж хөтөлсөөр эргэж ирсэн билээ. Битүүтийн тагийн гурван нуурын эхэнд байдаг бургасан төглийн дунд хар тэмээ ороод хэвтсэн байсныг авга эгч олж харалгүй өдөржин хайсан байж билээ.

Сүхийн Чойсүрэн. “Аргил цагаан өвгөн” номоос