images

“Монголын тал нутаг”


Яасан цэнгэг юм бэ Монголын ариун агаар

Ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр

Яасан уудам юм бэ Монголын тал нутаг

Ямар уужуу юм бэ Монгол хүний сэтгэл хэмээх “Монголын тал нутаг” дууны дахилт хэн хүний чихэнд ойрхон сонсогдох буй за. Монголын сор болсон уран бүтээлчдийн зохиосон энэ дуу төрөөд даруй хорь гаруй жил өнгөрсөн байна. Дууны шүлгийн мастер, яруу найрагч З.Түмэнжаргал, алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээсэн энэ дуу Японы дуучин эмэгтэйн захиалгаар бүтсэн нь сонирхолтой. Монголчууд “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд тоглож байснаар нь мэдэх Японы дуучин Окүяама Юми Монголын тал нутгийн уужим сайхныг бахдахдаа тэдэнд хандаж сайхан дуу хийлгэхийг хүссэн гэдэг. Харин энэ хүсэл нь яруу найрагчийн бодож явсантай ерөөлөөр юм шиг давхцажээ. Учир нь, З.Түмэнжаргал агсан 2001 онд Солонгос, Хятад, Казакстанаар явахад харь нутгийн агаар бүгчим санагдаж их л хэцүү байсан аж. Ингэж явсаар эх орондоо ирж Буянт-Ухаа онгоцны буудалд буухад агаар нь сэнхийгээд л цээж нь нэг их сайхан болсон байна. Чухам ингэхэд л Монголын цэнгэг агаар, эх нутгийнхаа тухай сайхан дуу хийнэ дээ гэж дотроо санасан гэдэг. Тиймдээ ч “Монголын тал нутаг” дууны шүлэг амархан бүтжээ. Энэ тухай З.Түмэнжаргал агсэн нэгэн ярилцлагадаа “Дууг захиалсан япон эмэгтэй дуугаа дуулахаар Монголд ирэхдээ “Монголын тал нутгийг өөрийн биеэр мэдэрч байж дуулмаар байна” гээд Бээжингээс галт тэргэнд суугаад ирж байсан” хэмээн дурдсан байдаг. Хожим энэ дууг Ардын жүжигчин А.Долгор, “Камертон” хамтлаг гээд хэд хэдэн хамтлаг, дуучин амилуулжээ.

Эх сурвалж: “Үг” сонин 2002 он №033