images

“Усны тунгалаг Тамирын гол”


     “Усны тунгалаг Тамирын гол” хэмээх энэ дууг ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл анхлан дуулж, ард түмний хүртээл болгосон билээ. Аяыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав хийж, яруу найрагч Д.Отгонсүрэн шүлгийг нь бичжээ. Г.Түмэндэмбэрэл нь урын сандаа ардын болон зохиолын нийлсэн 400 гаруй дуутай бөгөөд “Хөх торгон дээл”, “Хувиршгүй сэтгэл", “Бүсгүй хүний заяа”, "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Цэнгэлийн хур”, “Усны тунгалаг Тамирын гол”, “Түвшин жаргалтай бүсгүйчүүд” зэрэг дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд түүний өнгө эгшиг, намба аясаар шингэн үлдсэн байдаг. Тэрбээр 1981 оны гуравдугаар сард “Залуучуудын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа “Дуучны хөдөлмөр бол байнгынх. Зарим дуу олон жилийн хөдөлмөрөөр амилдагийн жишгээр би “Усны тунгалаг Тамирын гол”  дуугаа арав гаруй жил бэлдэж байж тайзан дээр дуулсан” хэмээн дурсжээ. Сүүлд энэ дууг сэргээн дуулсан Д.Бурмаа мөн энэ тухай “Бүхэл бүтэн зуун дамжин дуулагдсан Түмэндэмбэрэл гуайн “Усны тунгалаг Тамирын гол” дууг хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайтай ярилцан зөвшөөрөл авч дуулсан. Лувсаншарав гуай надад аливаа нэгэн уран бүтээл мөнх байхын тулд ард түмний өмч байх ёстой. Тийм болохоор энэ дууг маш сайхан дуулаарай гэж  хэлэхэд нь их баярласан” гэжээ.