images

“Урин хавар ирлээ”


     “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, ая зохиогч Б.Долгион хамтлагтаа дуулахын хажуугаар “Новости Монголии” сонинд ажилладаг байжээ. Өдгөө 200 гаруй дууны аяыг хийсэн тэрбээр хамгийн анх аавынхаа шүлэгт аялгуу хийж байсан гэдэг. Тэр нь явсаар “Урин хавар ирлээ” нэртэй дуу болсон бөгөөд энэ тухайгаа 2015 онд Нийслэл таймс сонинд ингэж ярьжээ.

     “Намайг 15 настай байхад аав маань нутгаа үзүүлнэ гээд Архангай руу авч явсан юм. Анх тэр нутаг, уул ус тэгширсэн сайхан байгалийг нь үзээд үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байлаа. Нэг өдөр Хоргын тогооны хажууханд уулын энгэрт юм үзэж хараад явж байх үед надад нэг ая ороод ирсэн юм. Байгалийн сайханд нүдээ хужирлаж, сэтгэлээ баясгаж явсан балчир хөвгүүн надад шууд л аманд аялагдаад ирсэн. Тэгж анхны аяа зохиосон гэж болно. “Аз жаргалын ая” гэж нэрлэсэн бил үү дээ. Тэр ая маань сүүлд дөрвөн жилийн дараа 1974 онд “Урин хавар ирлээ” нэртэй дуу болсон. Түүнээс таван жилийн дараа албан ёсоор Монголын радиогийн студид хоолойгоо бичүүлж байлаа. Би аавынхаа олон шүлэгнээс дундаас нь эрж хайж, танаж дууныхаа үгийг нь олж бүтээсэн юм л даа. Тэр үед аав маань “Чи миний шүлгийг эвдэж байдаг хэн бэ” гэж дургүйцээд л. Харин дуу болгоод сүүлд өөрт нь сонсгоход харин эсрэгээрээ таатай хүлээж авсан шүү. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайтай тааралдахад миний духан дээр үнсээд "Миний хүү айхтар дуу зохиосон байна" гэж хэлсэн нь миний дурсамжинд их тод үлджээ

     Энэ дууг сүүлд  “Камертон” хамтлаг дуулж байжээ. Үүний дараа ая зохиогч Б.Долгион нь “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл” гэх дуунуудыг бичсэн нь түүний анхны зохиосон дуунууд болж байв.