images

Сайншанд


     Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шавь нарын хамт өнөөгийн Сайншандын баруун этгээдэд заларч явжээ. Хутагтын адуун сүрэг одоогийн Сайншандын баруун хойд дүүрэгт байсан Далай сайн шандаас  ундаалдаг байв. Ноён хутагт Сайн-Усны зүүн урд дахь захын өндөр довон дээрээс (хуучин холбооны газар байсан дэнж) хараад “Мөн ч олон амьтан ундлан амьдрах далайн сав шинжтэй, есийн тоо хэлбэртэй газар байна” гэснээ “Нам бэлээсээ ямар байх нь вэ” хэмээн явж хожим Хүүхдийн больниц байсан байшингийн зүүн урд дахь хадан дээрээс хараад “Ирээдүйд орд хүрээ байгуулагдаж, олон хэлийн амьтан тэгш жаргах газар юм” гэжээ. Ингээд хойчийн төвшин жаргалыг нь тогтоох газартай болгож өгье гээд равнай өргөсөн гэдэг.  Тэгээд худгийн нэрийг Далай сайн шанд, баруун хойд хөтлийг Шамбалын үүд, баруун урд дахь уулыг Эрдэнийн хаалга гэж бэлгэдэн нэрлэжээ. Энэ түүхийг Чойлингийн хийдэд төрж өсөөд 1937 он хүртэл тэндээ амьдарсан Ц.Балдансамбуу гэх өндөр настнаас зохиолч, яруу найрагч, судлаач Мээрэн овогт Дамдиндоржийн Баатар гуай тэмдэглэн авч  “Оршихуйн цаглашгүй мандал” номдоо буулгажээ. Харин Далай сайн шандын баруун хөтлийг Далайн хөтөл хэмээн нэрлэдэг аж. Учир нь Ноён хутагт хөтлийн эхэнд дэр олбогоо тавьж суугаад “Салан цавчиг” уншлагаа айлдсан гэж хуучцуул ярьдаг аж. Одоо тэр газарт нь тэмдэгт нэгэн чулуу буй гэнэ.Тийм ч учраас өөд бологсдыг Далайн хөтлөөр эцсийн замд үдэхдээ сайн төрөлд нь мордууллаа гэж хүмүүс сүсэглэдэг ажгуу.

   Монгол оронд ардын хувьсгал ялсан 1921 онд шинэ тулгар төр засаг Манж Чин улсын үеэс нэрлэгдэж ирсэн  хуучин  хошуудыг татан буулгаж орон нутгийн засаг захиргааны нэрийг оршин байгаа газар усны нэрээр нэрлэж байхаар тогтсон бөгөөд Говь мэргэн вангийн хошууны нэрийг өөрчилж дөрвөн хошуу болгожээ. Тэдгээрийн нэг нь Их дулаан уулын хошуу байв. 1930 онд зарим аймаг, хошуудыг татан буулгаж 13 аймаг шинээр байгуулахад Дорноговь аймгийг байгуулах болж төвийг нь хаана байгуулахыг хэлэлцжээ. Хуучин Их дулаан уулын хошуу Далай сайн шандад төвлөрч байсан учир Далай сайн шандыг Их дулаан гэж нэрлэдэг байв. Аймаг зохион байгуулах комисс Далай сайн шандыг тодорхойлохдоо салхины хамгаалалт сайн, барилгын хэрэглэгдэхүүн  ойр, гурван худагтай, улаан шороо, шохой, барилгын цайвар ногоон чулуутай, 10 км газар Хаалга хэмээх уултай, заг мод нэгэн өртөө газар үргэлжлэн ургасан, газар нь тал учир уурын тэрэгний зам гаргаж болно гэх зэргээр шинжээд шинэ аймгийн төвийг энд байгуулахаар болжээ. Харин хожмоо 1961 оны АИХ-ын зарлигаар Далай сайн шанд хэмээх нэрийн Далайг нь хасч товчилсноор Дорноговь аймгийн төв Сайншанд хот өнөөгийн нэрээ олсон түүхтэй.   

Х.Эрдэнэбулган. МОНЦАМЭ агентлаг.