images

"Зүүдэн бороо"


     Б.Магсаржавын хөгжим, Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдэн бороо” дууг 1987 оны 5 дугаар сарын 9-нд Монголын зохиолчдын хорооны дэргэдэх "Үлгэрийн далай" чуулгын дуучин С.Цэрэнчимэд ятга хөгжимтэй дуулж Монголын радиод бичүүлснээр анх олны хүртээл болсон түүхтэй. Дуу төрсөн түүхийг хөгжмийн зохиолч Б.Магсаржав ийн хүүрнэжээ.

   “1987 онд Цэргийн ансамбльд хөгжимчин байхдаа Төмөр замын шугамаар аялан тоглолтоор явсан юм. Тэгэхдээ Б.Лхагвасүрэн гуайтай нэг купенд явж таарсан. Тамхийг нь асааж өгнө, унтахад нь дагаж унтаж сэрэхэд нь хамт сэрнэ. Тэр үед би “Сүүн далай ээж”, “Зүрхний уяа” дуунуудаа зохиочихсон. Б.Лхагвасүрэн гуай “Чи их сайхан аялгуутай юм байна. Ганзага хоосон буцахгүй ээ. Долоо хоног аялах юм чинь хоёулаа нэг дуутай сална аа” гэсэн. Дарханаас Эрдэнэт орох замд нэг өртөөн дээр вагон ресторанд гурван эмэгтэй хооллож суусан юм билээ.  Би эхэндээ анзаараагүй. Тэгсэн Лхагваа ах “За, чи надаас нэг дуу хүсээд байгаа билүү?  Одоо тэгвэл  ард чинь гурван эмэгтэй сууж байна. Аль нь илүү сайхан байна, чи нэг хэлээдэх” гэсэн. Эргээд харсан чинь гурвуулаа л ромбо сэлт зүүчихсэн гоё хүүхнүүд. “Лхагваа ах аа, хүнээс хүн шинжинэ гэдэг хамгийн хэцүү юм байна. Гурвуулаа л сайхан юм байна” гэсэн чинь “Тийм нь ч тийм, гэхдээ нэг нь онцгой сайхан” гэлээ. Дахин дахин эргэж харах их эвгүй. Тэгсэн ч ахиулж харахаас аргагүйдээд харсан чинь дунд талын хүүхэн нүдэнд тусаад түүнийгээ хэллээ. “Яг үнэн, одоо тэгвэл дунд талын хүүхний юу таалагдаад байна?” гэдэг юм даа. Тэгэхээр нь “Одоо болоо юм биш үү, Лхагваа ах аа. Би дунд талын хүүхэн гээд хэлчихлээ ш дээ” гэсэн чинь “Үгүй үгүй, нэг юм байгаа. Тэрийг чи хэлчих юм бол энэ дууны эзэн болж  чадна” гэлээ. Ахиад л эргэж харалтай биш цаадтай нь байх буфет рүү Лхагваа ахад тамхи авч өгөхөөр явангаа онцгойлон сайн шинжих юм боллоо. Лхагваа ах надад тамхины гурван төгрөг өгөөд, түүнийг нь аваад өнөөх хүүхнийхээ хажуугаар эхлээд гарахдаа олигтой харж чадсангүй. Буцахдаа зориуд тамхиа хажууд нь унагаад авахаар тонгойтол өнөөх нүдэнд тусаад байсан хүүхэн “Би аваад өгчихье” гээд тонгойлоо. Тэгээд дээш харахад харц тулгараад, тэгсэн цоо өрөмдөх мэт хав хар нүдтэй. Энэ нүдийг л хэлсэн байх нь, Лхагваа ах.  Тэгээд хэллээ. “Лхагваа ах аа, нүд нь онцгой юм байна” гэсэнд “Энийг чинь л хэлүүлэх гэсэн юм” гээд тэр дороо:

Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ л юм бол доо...гээд шууд биччихсэн.

“За ингээд нэг бадаг чинь гарлаа” гэнгүүтээ есдүгээр купенд явсан өнөө гурван хүүхэнд очоод хоёрдугаар бадгийг 30 минутын дараа сонсоорой гээд Лхагваа ах хэлчихсэн. Тэгэхээр нь би сандраад “Та ч яахав биччихдэг юм байж. Би яаж сонсгох болж байна аа?” гэсэн чинь “Чадалтай юм бол таван минутанд бичдэг юм” гээд өрөөндөө оруутаа:

“Нэмэн нэмэн дүүрэх шинийн саран...”гэснээ Лхагваа ах өөрөө жаахан нойрмоглосхийгээд тэгснээ

“Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд...”гээд л гуравдугаар бадагаа бичээд. Хэлсэн цагаас нь 15 минут л үлдээд би хоёр гурван ая сонсгосон чинь Лхагваа ах тоодоггүй, би ч нэг л болдоггүй. Тэгсэн Лхагваа ах “Чи яваад өнөөх хүүхнээ зүгээр л нэг харчихаад ир. Тэгээд нэг орвол орох юм даа” гэсэн. Би өнөөх хүүхэн рүү очлоо. Хаалгаар нь шагайсан чинь сарны гэрэлд өнөөх маань үсээ самнаж суугаа нь давхцаж харагдаад нэг л их мөнгөрсөн үс. Одоо ч тэр дүр зураг нүдэнд харагддаг. Онгод гэдэг ч тэгж хөглөгддөг юм билээ. Ингэж л нэгдүгээр купенээс есдүгээр купе хоорондох зайд ая нь бууж “Зүүдэн бороо” дуу төрсөн түүхтэй.

 

Монголын үндэсний радиогийн “Дуун увидас” нэвтрүүлгээс.