images

"Амин насны урсгал"


Д.Төрмөнхийн үг, З.Зуундарийн ая “Амин насны урсгал” дууны түүхийг хүргэж байна.

     Энэ дуу 1989 онд мэндэлжээ. З.Зуундарь “Соёл-Эрдэнэ” хамтлагтай “Алагхан дэлхийдээ дуулж яваарай” нэртэй  уран бүтээлийн тоглолт хийхээр төлөвлөн бэлтгэлээ хийж байжээ. Тоглолтон дээр ямар дуу дуулахаа ярилцаж, биенийхээ уран бүтээлүүдээс сонсож, дутуу дуу, хөгжмөө цэгцэлж суугаад З.Зуундарь хөгжмийн зохиолч, өөрийн найз Д.Төрмөнхийг студидаа дуудаж авчран, тоглолтын бэлтгэлээсээ сонирхуулсан байна. Бэлтгэлээ түр зогсоож, уран бүтээлийн сонин хачин, тоглолтонд дуулах дуугаа ярьж явсаар нэгийг нь сонсгохоор болжээ. Тэгээд З.Зуундарь түүнийг “Сайтар сонсоод үзээч, дуу нь нэг л болохгүй байгаа юм” гэсээр олон удаа сонсгосон аж. Дараа нь нэг өрөөнд дагуулж ороод "Одоохон энэ шүлгийг янзлаад өг" гэж нэг шүлэг өгөөд зогсохгүй, ширээн дээр тал шил архи гаргаж тавиад “Энэ чиний онгод” гэж хэлчихээд, гаднаас нь түгжээд орхиж. Д.Төрмөнх эхэндээ гайхаж уурлах зэрэгцэж “Ямар дураараа юм” гэж бодон хаалгыг хэдэнтээ балбасан ч онгойлгож өгсөнгүй. Өрөөнд ганцаараа түгжигдсэн яруу найрагч ширээн дээр байснаас 100 грамм татчихаад сууж байтал түрүүхэн сонсгосон ая нь чихэнд нь  цуурайтаж, бичгийн машин дээр шинээр шүлэг бичээд эхэлжээ. Төд удалгүй дуусгаад “Хаалгаа онгойлгооч Зуундарь аа, энэ үгээ ав” гээд удтал дуудсаны эцэст З.Зуундарь, Ч.Насантогтох хоёр орж ирж уншиж үзээд “Үнэхээр сайхан болсон байна шүү. Чи ийм л авьяастай даа” гэж ёжлонгуй инээгээд хэдүүл бичлэгийн өрөө рүү шууд орсон байна. Дууг Ч. Насантогтох, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гитарчин Д.Дамдинсүрэн нар хамтарч дуулжээ. 

Зураг дээр: Соёл-Эрдэнэ хамтлагын анхны бүрэлдэхүүн

Эх сурвалж:  25 дугаар суваг телевиз "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс