images

Социализмын үеийн аймгийн эмч Польш улсад явсан нь


 Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, хүний их эмч Баатарын Дариймын дурсамж.

   "1978 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байв. Наймдугаар сарын нэгэн өдөр Эрүүлийг хамгаалах яамнаас аймгийн Эрүүлийг хамгаалах газарт бичиг иржээ. Бичигт Б.Дариймыг кинезотерапийн туршлага судлуулахаар Польш улсад явуулах болсон тул гуравдугаар сарын 18-нд Улаанбаатарт бэлэн байлга гэсэн байв. Амралтынхаа дутууг чөлөө болгож аваад Батширээт явах гэж байсан боловч 18-нд бэлэн бай гэсэн болохоор очиж чадалгүй явлаа.

   Улаанбаатарт очиж С.Жодов эгчтэйгээ явах бэлтгэл хийв. Нэг том чемоданд таван шил архи, солих хувцас, хүмүүст өгөх гарын бэлэг сэлт хийлээ. Бас нэг хонины гуя утуулж авав. Вагонд суухын урд өдөр Ленинградад сурч байгаа хоёр дүүтэйгээ утсаар ярьж “За маргааш хэлгүй, дүлий, сохор хүн вагонд суулаа шүү. Тав хоноод Москва очно, та хоёр минь тосч аваарайгэж хэлээд л маргааш орой нь суучихлаа. Тав хоног явж хүрэв. Москвагийн бараа харагдлаа гэх мөртөө хүртлээ удахыг яана. Дүү нар минь ирээ болов уу гэж санаа зовсоор сууж ч чадахгүй цонхоор өндөлзсөөр галт тэрэгний буудалд ирэв. Хоёр дүү минь зогсож байна, баярласан гэж учиргүй. Сайн явж, их юм сурч ир гэж манай эмнэлгийнхэн хэчнээн ч хүн юм бүү мэд, арав арван төгрөг цуглуулж өгсөн билээ. Сувилагч Л.Ичинхорлоо “Миний ах Москвагийн радиод ажилладаг, та таних айлгүй бол очоорой гээд захиа, юм өгүүлсэн. Өөрөө утсаар хэлчихнэ гэсэн, тэр ёсоор нэг хүн ирж Хэнтийгээс ирсэн хүн мөн үү? Дүү ярьсан, манайд очих уу?” гэхэд нь Худалдааны төлөөлөгчийн газарт очихоо хэлээд захиаг нь өгөөд явуулчихлаа. Вагоноос буугаад гурвуулаа Худалдааны төлөөлөгчийн газрын буудалд очтол “Элчин сайдуудын хуралтай, ор байхгүй гэдэг байна. Хоёр дүү минь оюутны байранд очъё гээд очлоо. Гэтэл 22 цагаас хойш хүн оруулдаггүй гээд оруулсангүй. Хэрхэхээ мэдэхгүй гайхаж байтал Ичинхорлоо сувилагчийн ах “Хэрэг болбол яриарай” гээд гэрийн утасны дугаараа өгснийг санаад залгалаа. Хүрээд ирцгээ гээд хаягаа хэлж өглөө, тэр дагуу нь таксигаар Москвагийн зүүн зах руу их л хол явж очоод тэр айлд хонож билээ.   

   Маргааш нь хоёр дүү минь намайг дагуулан Москвагийн Эрүүлийг хамгаалах газар очиж Варшавын Эрүүлийг хамгаалах газар руу Монголоос хүн очно, тосч авна уу” гэсэн үгтэй цахилгаан явуулуулж өгөв. Тэр оройгоо галт тэрэгний буудал очиж, учир тоймгүй олон вагоны урдуур хойгуур тойрч, доогуур нь мөлхөхдөө мөлхөж явсаар Польш явах вагоныг арай гэж олж суулгаж билээ намайг. Вагонд ороод гурван давхрын орон дээр таарав. Бие засахаас өөрөөр буух шаардлагагүй, авч явсан номоо уншаад, юмаа орон дээрээ идээд явлаа. Хоёр хоног тэгж явж Польшид очив. Буух дөхөж байхад ариун цэврийн өрөө рүү орох гэж явтал нэг монгол хүн халз тулгараад Сайн явж байна уу?” гэв ээ. Хүний газар ах дүүгээ олсноос өөрцгүй л баярлалаа. Тэгтэл тэр хүн Германд хоёр сарын курс хийлгэхээр 30-аад тогооч удирдан явж байгаа хүн юмсанжээ. Би хаана буухаа ч мэдэхгүй, хэл ч мэдэхгүй, туслаач гэж гуйлаа. “Одоо удахгүй Варшавт хүрлээ. Чиний буух боллоо. Польшууд хэцүү хүмүүс шүү. Дээрэмдэж ч мэднэ гэж хэлэхээр нь бүр айж орхив. Тэгээд тэр хүн  “Энэ 50 злот чамд хэрэг болно, надад хэрэггүй гээд том хавтгай дэвсгэрт өгч байна. Варшавт ч ирлээ. Зөндөө л хүмүүс бууж байх шиг байсан, нэг харсан чинь вагон яваад өглөө. Галт тэрэгний буудал дээр ганцаараа, хаашаа явахаа мэдэхгүй, чемоданаа ч даахгүй юм зогсож байтал нэг хүн ирээд чемоданыг минь чирээд явлаа. Тусалж байна уу, дээрэмдэж байна уу, бүү мэд. “Гучин долооны жил дээрээ хүний газар төөрч үхэх заяатай байжээ” гэж бодоод дэмий л дагаад явж байтал нэг туннель руу орох нь ээ. Хойноос нь татаад толгой сэгсэрлээ, нөгөө хүн тоож байгаа ч юм алга. Зогсохгүй явсаар туннелиэс гарангуут вагоноос буусан өнөө олон хүн дугаарлаад зогсож байх юм. Дарааллын сүүлд чемоданыг минь аваачиж тавиад “Злот гээд гараа сарвайхад нь 15 рубль гаргаж өглөө. “Злот, злот” гэхэд нь би толгойгоо сэгсэртэл хөөрхий буянтай хүн цаашаа явлаа. Таксинууд ирээд хүмүүсийг аваад яваад л байна, намайг тосохоор хүн ч ирсэнгүй, эмэгтэй жолоочтой таксинд л сууна гэж бодоод зогсож байтал эрэгтэй жолооч ирж зогсоод чемоданыг минь машиндаа тавьчихаар нь суулаа даа. Юм асуугаад байх шиг байхаар нь Варшавын Эрүүлийг хамгаалах газрын хаягийг яамнаас авч гарснаа харууллаа. Тэгээд явж явж нэг өндөр байшингийн үүдэнд чемоданыг минь буулгахаар нь нөгөө залуугийн өгсөн далбагар мөнгийг өглөө, жолооч хэдэн зоосон мөнгө хариулж өгөөд яваад өглөө.

    Ачаагаа арай гэж чирээд хаалганы дотор талд оруулж тавиад хартал хүн байхгүй. Том цэлгэр заалаар явж байтал нэг хүн гарч ирэхэд нь 1978 онд Баянхонгорт Реабилитацийн анхдугаар симпозиумд оролцож байсан Польшийн Эрүүлийг хамгаалах ба нийгэм хангамжийн яамны хэлтсийн дарга, доктор Анна Шесь гэдэг эмэгтэйг сураглая гэж бодоод асуулаа. 108 номерт гэж хэлэх шиг болохоор нь 108-д очоод асуухад 208-д гэнэ. 208-д нь очтол 308 гэлээ. III давхарт 308-д очсон чинь хайсан хүн маань яг дүрээрээ сууж байна аа. Оросоор явдал учраа ойлгуулсан боллоо. Гадаад харилцааны хэлтэс нь 108-д байдаг гээд намайг дагуулж очиж нэг залууд хэлээд, буудалд оруул гэв бололтой. Тэр залуу чемоданыг минь авч гараад хоёул бас л нэлээд хол таксигаар явж арван давхар буудлын үүдэнд ирэв. Дотогш орж есдүгээр давхарт нэг өрөөнд оруулаад, ор дэрний бүтээлгийг хүртэл сөхөж шалгаж үзэж байх юм. “Ресторан нэгдүгээр давхарт бий, маргааш өглөө тийм номерын автобусаар явж тэнд буугаад, тэндээсээ тэдэн номерт суугаад очиж мөнгө аваарай” л гэх шиг болсон. “Больё чи минь, тэгж төөрөөд яахав гэж бодоод ойлгохыг ч хүссэнгүй.

   Нутгаас гарахад бэр Цэцэг-Эрдэнэ минь хэлэхдээ “Польшид элчин сайдаар Даш гуай байгаа. Эхнэр нь УБДС-д сурч байхад минь надад хичээл зааж байсан Эрдэнэчимэг гэдэг хүн бий. Би багшдаа ном явуулья. Танд туслах байх, их сайн хүн гэсэн юм. Ингээд нэгдүгээр давхарт бууж жижүүрт нь хэлээд Эрдэнэчимэг гуайтай ярилаа. “За чи хаана байна вэ? Би очиж авья” гэхээр нь буудлын нэрийг мэдэхгүй тул утсаа жижүүрт өгч яриулав. Ингээд хэлсэн ёсоор нь өрөөндөө байж байтал айхтар удалгүй нэг сайхан бүсгүй охинтойгоо орж ирээд намайг дагуулж гарлаа. Замд тааралдсан бүхнийг тайлбарлаж өгч явав. Хэдхэн хоногийн өмнө төв банканд нь ахуйн хий дэлбэрээд аюул болсон гэнэ, хашааны банзны завсраар дээрээс доош зайгүй цэцэг хавчуулжээ. Бас нэг зочид буудалд Улс төрийн товчооны гишүүний хүү хийнд угаартаж үхсэн гэж ярив. Ингэж явсаар Даш гуайнд ирлээ. “Гурилтай хоол хийж гурвуулаа идье гэнэ. Миний ганц чаддаг зүйл учраас гурил зуурч элдээд, хоол хийж идэцгээлээ. Тэгээд зурагт үзэж суутал “Даш Москвад хуралд явсан, чи манайд хонохгүй юу?” гэхээр нь “Буудалдаа очъё оо” л гэлээ. Тэгээд гарч охинтойгоо намайг хүргэж өгөөд явцгаав.

   Өрөөндөө ороод буудлын эд юмсыг сонирхож үзвэл шүдэнз байна. “Энэ ямар хэрэгтэй энд байдаг юм бол” гэж гайхав. Плитка шиг юм байхаар нь мушгиж үзсэнээ нөгөө гайхал гааз нь гарчихаа болов уу гэж айгаад тагтны хаалгаа цэлийтэл онгойлгоод усанд орлоо. Гурав, дөрвөн ширхэг том цагаан алчуур байна. Очирпүрэв дүү минь хэлэхдээ “Буудлын хивсэн дээгүүр хөл нүцгэн явж болохгүй, харуудын салаа саварын өвчин тусдаг юм гэж захисан тул шинэ таавчиг, халаад өмсөөд орондоо орж хэвтлээ. Энэ өдөр бол гуравдугаар сарын гучны өдөр юм. Шөнө сэрээд, угаартаж үхээгүй байна уу гэж өөрийгөө барьж үзээд эргэж унтлаа.

   Арван нэгэн цагийн үед нөгөө залуу орж ирээдЯаман дээр яагаад очоогүй вэ?” гэж байна.Замд ядраад, толгой өвдөөд” гэлээ. Тэгтэл зөндөө их мөнгө тоолж өгч байх юм. Маргааш өглөө найман цагт Белосток явна гэнэ. Би “Явахгүй, энд ирэхэд хүн тосч аваагүй. Би их айсан” гэж хэллээ. “Бид ярьсан, хүн тосч аваад буудалд оруулна” гэж хэлээд “Ресторанд хоол идэх үү? гэхэд нь “Идэхгүй, баярлалаа” гэв. Авч явсан еэвэн, махаа л идээд байгаа хүн юм. Гадагшаа гарч буудлын доорх дэлгүүрүүдээр сонирхож явж орж ирээд, өрөөнд угааргүй юм байна гэж үзсэн тул тагтны хаалгыг хааж, шүршүүрт ороод санаа амар унтав. Өглөө долоон цагт нөгөө хүн ирсэнд дагаж явж түргэн вагонд сууж хөдөллөө. Белостокт бууж мэдэхгүй өнгөрөөд явчихвал яана гэж айж байгаагаа хамт яваа хүмүүст хэлбэл Белостокийг эцсийн буудал гэж байна. Хазгай муруй, үгийн хувирал, төгсгөлгүй ярилцаж ойлголцож явсаар арван цагт эцсийн зогсоолд ирж буув. Хаалганы дэргэд цэцэг барьсан хоёр хүүхэн угтаж аваад буудалд оруулж өгөөд 12 цагт ирж авна гээд явцгаалаа. 12 цагт ирээд эмнэлэг дээр аваачиж үдийн хоол идүүлээд доктор Кинальскийн өрөөнд хүргэж өгөв. Доктор Кинальский Монголд хоёр ч удаа ирж ажиллаж байсан хүн, гэмтлийн эмнэлгийн дарга Даш гуай, эмч Гээдэн, Долгорсүрэн багш нарыг асууж байна. “Эхлээд манай эмнэлгийн хийж байгаа эмчилгээнүүдтэй танилцана. Өглөө буудлаас сувилагч очиж авчирна. Өглөөний, өдрийн хоолоо энд иднэ, оройн хоолыг график гаргасан, манай эмч нарын гэрт очиж иднэ. Тэд буудлаас ирж аваад, орой буудалд хүргэж өгч байна, өөрт чинь өгсөн мөнгө бага мөнгө, буцахдаа бага зэрэг сувенир л авч дийлэх хэмжээний юм” гэлээ.

   Ингээд орой болгон нэг айлд очиж танилцаж дайлуулдаг ажилтай сайхан байлаа. Тэр айлын хүн орой буудалд хүргэж ирээд жижүүрээс түлхүүр авч өрөөнд оруулж өгөөд явдаг байв. Нэг орой польш нөхөртэй орос эмч ирж аваачлаа. Бид эмнэлгийн амралтаараа ойрын социалист орнуудаар аялдаг, тэгж амардаг” гээд паспортаа үзүүлж байна. Паспортын арын хуудсанд бүх социалист орны нэр бичээстэй. Монгол социалист орон юм бол яагаад энд бичигдээгүй байна?” гэлээ. Манай орон Ази тивийн орон” гэж ойлгуулав. Би Польшийн паспорт аваагүй, Оросын паспорттой. Бид нэг хүүтэй, нөхөр надад муугаар хандвал би Ленинград руугаа хүүтэйгээ явчихна гэж билээ. 35 настай, Таня гэдэг бүсгүй маргааш нь аваачлаа. Хүнтэй гэрлээгүй, хүүхэд шуухадгүй хүн юм байна. Гурван өрөө байртай, нэг өрөөгөө аав ээж хоёртоо зориулж тохижуулжээ. Аав ээж хоёр нь хөдөө ойрхон байдаг аж. Би долоо хоногт хоёроос гурван удаа жижүүр хийдэг. Нөхөртэй эмч нар жижүүрт цөөн гардаг, нөхрүүд нь дургүй байдаг биз гэхчлэн их зүйл ярилаа. “Хоноод яв гэхээр нь “Унтлагын хувцасгүй гэхэд шинэ хувцас өгнө гэнэ. Шүдний сойз, хэл хусагч, бас унтахдаа уудаг эмээ орхисон гэж шалтаг хэлтэл такси дуудаад хүргэж өглөө.

   Нэг сар иймэрхүү маягаар амархан өнгөрөв. Өдөр бүр өөр өөр эмнэлэгт очдог тул арваад эмнэлэгтэй танилцав. Протезийн үйлдвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмнэлэг, үйлдвэр сургалтын газруудыг үзлээ. Хөдөлгөөн эмчилгээний ач холбогдлыг сэтгэлд шингэтэл үзүүлсэн дээ. Сарын дараа Варшавт ирээд Эрдэнэчимэг гуайтай ярив. Зах явъя гэж байна. Би захыг Монголын зах шиг санаад, очихгүй гэсэн чинь “Польшид ирсэн хүн Варшавын захаар заавал ордог юм” гэж байна. Ингээд зах очлоо, маш цэвэрхэн, худалдагч нар нь залуухан хүмүүс, аль эрт зах зээлд орчихсон улс байжээ. Тэндээс ширээний эрээн даавуун бүтээлэг, орны бүтээлэг нэг нэг, хоёр ширхэг нарны шилтэй л авлаа. Ингээд Варшаваас мордов. Москвагийн вокзалд бууж такси бариад өнөө л Ичинхорлоо сувилагчийнхаа ахынд очлоо. Маргааш нь утсаар хоёр дүү рүүгээ яриулаад Ленинград очлоо. Хоёр дүү минь бууз хийж өгөх гэтэл жигнүүр олдсонгүй. Нэг хаалганд дөрвөн айл байдаг, хонх нэг дарвал орос залуу айлынх, хоёр дарвал хар нөхөртэй орос эмэгтэйнх, гурвантаа дарахаар эмээгийнх, дөрөв дарвал миний дүүгийнх тайлдаг ажээ. Дөрвөн айл дундаа нэг гал тогоотой, ээлжээр хоолоо хийдэг. Дүү минь гурвын битоноор квас авчирч уулгав. Русский квас маш сайхан гэж орос эмч эмэгтэй ярьж байсныг саналаа. Монголд байдаг уу? гэхэд дүү нар “Зун л байдаг” гэв. Оюунчимэг дүүтэйгээ Эрмитаж үзэв. Мянган өрөө танхимтай, маш гоё үзмэрүүдтэй энэ агуу музейг өдөржин шахуу явж үзсэн билээ. Гараад хоёулаа зургаа авахуулав. Маргааш нь дүү нар шалгалттай байсан тул манай эмнэлгийн сувилагч өндөр Банзрагчийн хүү Дэрийлаамятавтай явж Петр хааны хөшөөний дэргэд зургаа татуулав. Ингээд хоёр дүү минь тавдугаар сарын нэгэнд намайг Москва хүргэж ирээд Ленины музей болон дугуй кинотеатрт кино үзүүлсэн юм. Улаан талбайгаар явж харуул солигдохыг харуулснаас гадна ГУМ, ЦУМ гэдэг их дэлгүүрт оруулсанд 100 ширхэг цагаан пудр авахыг минь үзээд худалдагч нь жигтэйхэн гайхаж байж билээ. Зуун ширхэгийг авсан хэрнээ Хэнтийд ирээд хүмүүст тараахад хүрэхгүй, зарим нь цагаан пудр худалдаж авъя гэж байсан юм. Ингэж хилийн чанадад явж ихийг үзэж, сурч, сайн сайхан хүмүүстэй ч олон учирч, ганзага дүүрэн харьж ирсэн билээ".

Зураг дээр: БНМАУ-ын Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Дарийм Польшийн доктор, профессор Кынальскигаар хөдөлгөөн эмчилгээ заалгаж байгаа нь. Варшав хот.     

Б.Дарийм. “Эмчийн цонх гэрэлтэй” ном. 2023 он. 67-74 дүгээр тал.

Эдүгээ 83 настай Б.Дарийм гуай эдүгээ Улаанбаатар хотод энх тунх аж төрж байна.