images

“Бадар хундага”


   Яруу найрагч Н.Лутбаяр сургуулиа төгсөөд ажил, амьдралын томилолт аваад, Завхан аймагт очиж байсан нь түүний олон сайхан бүтээлийнх нь эхлэл болсон байна. 1993 онд Завхан аймгийн 70 жилийн ой тохиож орон нутгаас баримтат кино хийх, нутгийн тухай дуу зохиох уралдаан зарлагджээ. Тэр үед Н.Лутбаяр нэг бадаг шүлэг бичсэнээ өөрийн багш, уран бүтээлийн хамтрагч Д.Цэвээнравданд аваачиж өгөөд мартсан байж. Тэгтэл уралдаан болохоос хоёр хоногийн өмнө багшдаа дуудагдаж дуугаа гүйцээх даалгавар авснаар үлдсэн бадгийг нь нэмж бичжээ. Тэгээд дуучин С.Батсүхэд өгөөд дуулуулах гэтэл зарим үгийн учрыг нь гайхан асууж гэнэ. Тэгэхээр нь Н.Лутбаяр, Д.Цэвээнравдан, С.Батсүх бүгд хамт Очирваань уулыг зорьж, дуундаа гардаг Бадар хундага нуурыг очиж үзжээ. Дуунд гардаг байгалийн сайхныг биеэр мэдэрч, нүдээр үзсэн тэд уулнаас бууж ирээд "Ингэж бичихээс өөр аргагүй юм байна" хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн гэдэг. Ингээд “Бадар хундага” дуу Завхан нутгийнхан төдийгүй монгол түмэнд түгсэн байна. Яруу найрагч Н.Лутбаяр энэ дуунаас гадна "Завхан гол", "Дуут нуур", "Шилийн богд", "Янзаган хүрээтэй нутаг", "Улс зээрд" зэрэг дууны шүлгийг зохиосон юм.