images

“Зул цэцэг”


"Болор цом"-ын эзэн яруу найрагч До.Болдхуяг “Зул цэцэг” дуу бүтсэн түүхээ манай сайтад ийн хуучиллаа.

   "Би 2005-2006 оны үед би “Адмон” хэвлэлийн компанийн редактораар ажиллаж байв. Нэг удаа ажлаа тараад харьж явтал нэг их үс гэзэгтэй хүн тааралдаад “Хөөе, чи Д.Болдхуяг мөн үү?” гэж байна. Би ч "Мөн байна" гэтэл тэр хүн өөрийг нь таньж байгаа эсэхийг надаас лавлав. Би ч сайн танихгүй байгаагаа учирлатал “Би Солгой Н.Төмөрхуяг байна” гэв. Энэ нэрийг өмнө нь олон удаа сонсож байсан нь “Намираа цэнхэр бороо”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Зүрхний уяа”, “Насны намаргээд олон сайхан дуугаараа ард түмний танил болсон учраас тэр. Бадарчин Батбаатар гэж Хэнтийн яруу найрагч ах маань байдаг юм. Тэгтэл Н.Төмөрхуяг дуучин “Ц.Батбаатарын гэрт байхдаа чиний нэг номыг олж үзсэн. Номны ард байсан зургаар чинь танилаа. Ах нь чиний нэг шүлгэнд аялгуу хийсэн. Чи манайд нэг хүрээд ирээч” гэж хэллээ. Би ч уухайн тас зөвшөөрч, утас шөрмөсөө солилцож гэрийнх нь хаягийг заалгаад салж одов. Тэр өдрөөс хоёр, гурван хоногийн дараа “Танд юу хэрэгтэй, юу авч очих вэ?” гэж залгатал “Ах нь архи уухгүй байгаа. Чи өөрөө л мэд” гэж байна. Тэгэхээр нь идэж уух ойр зуурын юм, нэг шил архитай очив. Гэхдээ тэр үед яагаад ч юм бид хоёр нийлээд хундага харшуулчихсан юм. Худалч хүнд бараг гурван сар тэгж найзалсан байх. Н.Төмөрхуяг ах надад “Би аялгуу, шүлгийг өндөр шалгуураар сонгож авдаг. Тийм болохоор миний арван хэдэн дуу бүгд хит болсон байх. Одоогийн залуус даанч үг, ая гэдэг зүйлийг гүнзгий мэдэрч дуу хийх нь ховор юм” гэхчлэн харуусч байж билээ. 

   Анх тийн очсоноос хойш хэд хоногийн дараа автобусанд явж байтал танил үгтэй дуу явж байна. Гэтэл хамгийн анх Н.Төмөрхуяг ахтай дуу болгохоор ярилцсан “Зул цэцэг”  нэртэй шүлэг маань дуу болчихсон байв. Миний танил хөгжмийн зохиолч Т.Найданжав ах ая хийгээд дуучин Д.Намсрайноровоор дуулуулжээ. Тухайн үедээ жигтэйхэн хит болж, Д.Намсрайноров ч энэ дуугаар танигдаж гарч ирж байв. Би одоо тэр дууг сонсохоор яс хавталзаад, ичээд байдаг. Учир нь тэр шүлгийг анх Н.Төмөрхуяг ах бид хоёр дуу болгож хүнээр дуулуулахаар ярилцсан байдаг. Гэтэл түүнийгээ ажил хэрэг болголгүй ярьж явсаар хоцорсон учраас. Хожим санахад би Т.Найданжав ахад номоо өгөхдөө “Та эндээс ая хийчихмээр шүлэг байвал дуртайгаа аваад хийж болно шүү” гэсэн байж. Тэгэхээр яах аргагүй л миний тэр шүлэг таарсан байгаа юм.

   Ажил, амьдралын эрхээр би Хөххот явж, дөрвөн жил сургуульд сурав. Тэндээсээ Бээжинд зургаан жил суурин амьдарлаа. Тэгж явахдаа Н.Төмөрхуяг ахынхаа зохиосон аялгууг хөсөр хаяж болохгүй санагдсан юм. Бүр миний цээжинд хоногшчихсон ч байв. Тэгээд тэр аянд эхнэртээ зориулж “Цогзолмаа” нэртэй шүлэг бичив. Түүнийгээ Өвөр Монголын Х.Хөгжилбаатар хэмээх дуучнаар дуулууллаа. Өвөр Монголд энэ дуу гарсан даруйдаа хит болсон юм. Гэвч надад нэг л дутуу санагдаад болж өгдөггүй. Монголдоо энэ дууг хүмүүст хүргэмээр санагдаад болдоггүй ээ. Тэгээд дуучин Л.Болдбаатарт хандаж “Н.Төмөрхуяг аяыг нь зохиосон ийм шүлэг байгаа юм. Чи дуулах уу?” гэлээ. Тэгтэл тэрбээр “Дуулж болж байна. Хамгийн гол нь шүлгийг нь өөрчилмөөр байна” гэв. Тэгэхээр нь Өвөр Монголд гарсан хувилбарын нэг бадгийн эхний хоёр мөрийг нь өөрчилж, шүлгийнхээ гурав дахь хувилбарыг бичиж өглөө. Түүнийг маань Л.Болдбаатар “Зүрхний амраг” нэрээр дуулсан. Өвөр Монголын дуучны хувилбарыг сонсоод үзээрэй. Тэр залуу яг манай Адараа шиг сайхан хоолойтой, тэндээ нэртэй сайн дуучин. Харин энэ дууг Л.Болдбаатараар дуулуулсныг мэдээд Х.Хөгжилбаатар надад их гомдсон юм билээ. Дуучин хүний дотроо бодож явдаг нарийн нандин зүйлийг би мэддэггүй явжээ. Бүр сүүлд нь л орой руугаа ортол ойлгосон доо".