images

“Хорвоод ганцхан ээждээ”


   Энэ дууны аяыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Москвад оюутан байхдаа 1983 онд зохиожээ. Шүлгийг нь СГЗ, яруу найрагч зохиолч С.Оюун бичсэн байна. Тэд хоёул Булганы Могод сумын хүмүүс аж. Тухайн үед Ц.Чинзоригийг нутагтаа ирэхэд нь С.Оюун түүний үйл байдлыг ажигласнаа нэгэн шүлэг бичиж өгчээ. Яруу найрагч С.Оюун энэ талаар Соронзон хэмээх хүнд хуучлахдаа “Дуу зохиох болсон түүх бол Чинзоригтой хамаатай. Чинзориг бол айлын ганц хүү. Нэг эгчтэй. Ээжийг нь би таньдаг, тэдний манай хоёр нэг байшинд амьдардаг байсан юм. Бид нэг аймгийн, нэг сумын улс гэдгээ хожуу мэдсэн. Ээж нь киноны дугуй хайрцаганд улаан тамхи хийчихээд ороож татдаг хүн байсан юм. Чинзоригийн ээж тэгж тамхи татдаг нь миний ээжтэй их адилхан харагдана. Тэгэхэд миний ээж бурхан болчихсон байсан л даа. Би тэгээд бодсон л доо. Чинзоригт дууны үг бичиж өгье. Хүн ээжийгээ хайрлах ёстой. Ийм дууны үг бичвэл нэг юм бодох байх гэж бодсон юм" гэжээ. Ингээд Ц.Чинзориг ч сургуульдаа буцахдаа шүлгийг нь өвөртлөөд явжээ. Хойтон жил нь эргэж ирээд С.Оюунд “Би нөгөө дуунд чинь ая хийчихсэн. Манай Свердловск хот сүлд дуу болсон шүү дээ, таны дуу” гэж хэлжээ. Тэгээд ая хийснээ Зохиолчдын хорооны яруу найргийн секцээр батлуулахаар тамга даруулж аваад радиогийн алтан фондод аваачиж өгтөл аваагүй талаараа ярьжээ.  Тухайн үед радиогийн хөгжмийн редакцын даргаар Т.Чимэддорж ажиллаж байсан бөгөөд дууны шалгуур их өндөр байжээ. Дараа нь энэ дуу ард түмний дунд дуулагдсаар радиогийн алтан фондод орсон байна. Эхлээд Свердловскийн оюутнуудын дунд танигдаад, дараа нь ард түмний дунд дуулагдсаар дуучин Х.Төмөрхуяг 1990 оны үед авч дуулснаар радиогийн алтан фондод бичүүлжээ. 

Эх сурвалж: soronzon.blogspot.com