images

“Миний нутаг” шүлэг зохиогдсон түүх


Ахмад зохиолч Төмөрийн Нацагдоржийн дурсамж

     Нэгэн мянга есөн зуун хорин хоёр оны хаврын нэг өдөр Улаанбаатар хотын пионерүүдийн хурал болж тэрхүү хурал дээр пионер багачуудын тухай дуу шинээр зохиогдсон тухай ярив. Тэр дууг зохиолч Д.Нацагдорж зохиосон байжээ. Тэрбээр зохиосон дууныхаа шүлгийг уншиж өгөв. Тэр өдөр анх зохиолч нөхрийн царайг харж таньдаг болсон бөгөөд намуухан дуутай, эелдэг зантай, зөөлөн цагаан царайтай залуу байв. Түүнээс хойш гурван жилийн дараа бид хоёр сургуульд хамт суралцах болж бүр дотнослоо. Нацагдорж маань хэзээ ч өврийн дэвтэр, харандаагүй явж байсангүй. Гудамжинд, гуанзанд, хээр хөдөө хаа боловч харандааны үзүүр, дэвтрийн цаас хоёрыг салгадаггүй байж билээ. Тэрбээр гудамжинд хамт явж байснаа гэнэт зогсож харандаа дэвтрээ гаргаж юм тэмдэглэн аваад цааш явдаг юм. Асyyвал “Миний мөнгө өвөрлөх халаасны ам маш явцуу болоод ёроол нь онгорхой, юм тогтдоггүй юм. Би эрдэнэ олзолж байна” гэдэг байв. 1934 оны зун Улаанбаатар хотын баруун өмнө одоогийн төмөр замын буудал байгаа газар олон эсгий гэрүүд байсны дунд нэг гэрт хэнгэрэг дэлдэж бөө бөөлж байна. Xaмт явж байсан Нацаг маань тэр айлд намайг оръё гэв. “Чи таних юм уу?” гэвэл “Үгүй. Гэвч хамаагүй хоёул орж үзье” гээд хамт орлоо. Гэрийн дотор хүмүүс олон байлаа. Бөө учиргүй цовхчин хэнгэргийг хүч мэдэн балбана. Бид хоёр cyyж байгаа хүмүүсийг дуурайн суулаa. Гэтэл бөө хэнгэргийнхээ дууг зөөлрүүлж, цохих хэмжээг эрэмбэтэй болгон шүлэглэж маш олон юмыг хөгжмийн аялгуу мэт дуудан аяллаа. Удсан ч үгүй бид тэндээс хол биш Дунд голын хөвөөн дээр очиж зүлгэн дээр суумагц Нацаг дэвтрээ гарган бичиж эхэллээ. Түүнийг сонирхон юу бичиж байгааг асуувал “Чи ажигласангүй юу? Саяын бөөгийн дуудлага болон шүлэг нь

Галзуу чонон хөлөгтнүүд

Гaл морин ташууртнууд

Хүний махан хүнстнүүд

Хүрэл чулуун зэвсэгтнүүд” гэж байна гээд “Шүлгийн зохион байгуулалт маш сайн. Ритм, такт маш жигд. Үгийн үе хуваарь адилхан байна. Олон удаа сонсоогүй бидэнд сонирхолтой байна. Он жил улиран биширч урт удаанаар үргэлжлэн сонссон хүмүүсийн чихэнд бүр ч хоногшсон байх ёстой. Xyyчнаас шинийг олж авах хэрэгтэй байдаг. Шүлэг бичих нэг л сүрхий техник үүнд байна” гэв. Мөн намар нь анхны цас орох үес миний бие Нацагдоржийн гэрт очвол хэзээний үзэг цаас нийлүүлэн сууж байна. Тэрбээр “Базаасан юмгүй. “Миний нутаг” гэдэг томхон сэдвээр нэг шүлэг бичих гэтэл эх орон гэдэг уудам их, түүний амьдрал хөгжил, өнгөрсөн, ирээдүйн үйл явдал үлэмж арвин, алийг нь бичихээ мэдэхгүй гайхаж байна. Гэвч өнгөрсөн зун сонссон бөөгийн шүлэг ритмийг судалж амжсан. Одоо харин үндэсний хэлбэртэй, хувьсгалын чанартай сайхан шүлэг бичих зорилго тавьж ингэж эхлээд байна. Бүтэх юм уy, γгүй юм уу” гэснээ:

Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд

Хойт зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бoл миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

хэмээн шүлгээ надад дуустал уншиж өгсөн нь үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөж билээ. Тэр өдрөөс хойш энэ гайхамшигт шүлэг Монгол эх орон даяар уншигдаж, алс газар радиогоор морин хуурын хөгтэй үлгэрийн аяар цуурайтаж монгол хүн бүхний сэтгэлийн чимэг болсон билээ. 

"Монголын уран зохиолын дээжис" XII ботиос.