Ч.Ганжавхлангийн аав хүүгийнхээ тухай юу гэж өгүүлэв?
Чихэнд чимэгтэй
2024-12-10
Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар төв талбай дээр сүүлийн хэдэн өдөр тайван жагсаал зохион байгуулсан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн аав Б.Чадраабал Фэйсбүүк хуудсандаа хүүгийнхээ болон түүний хийж буй тэмцлийн талаар сэтгэгдэл нийтэлжээ. Б.Чадраабал нь ЗХУ-д Цэргийн инженерийн дээд сургууль дүүргэсэн бөгөөд 1998 онд одоогийн “Урьхан санаа” компанийг байгуулсан нь өнөөдөр Төв аймгийн Борнуур, Лүн суманд төв зам дагуу зоогийн газар, сүпермаркет, зочид буудал, дугуй засвар, авто зогсоол бүхий үйлчилгээний цогцолбор ажиллуулж байна. Б.Чадраабалын эхнэр Г.Ганчимэг ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувиллын орлогч захирлаар ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан юм. Тэрбээр 2022 онд ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдаж байв. Тэднийх нэг хүү, хоёр охинтой.
ХҮҮГЭЭ ӨМӨӨРӨХҮЙ
"Хүү маань тусгаар Монгол улсын шүдний өвчин болоод байгаа утаатай тэмцэж эхлэнгүүт ямар аймшигтай дайралтууд ирж байна аа.
Тэр дайралтууд дотор нь нэг ч үнэн юм байхгүй. Урд хөршийн тагнуул л гэнэ, Женкогийн хүн л гэнэ, Эбигийн хүн л гэнэ, ЕС, Хүүкийн хүн л гэнэ, MCS-ийн Оджаргалаас 1 тэрбум төгрөг авсан л гэнэ, гаднаас санхүүждэг л гэнэ, Ид шидийн орны хүүхдүүдээ өөр шашинд оруулаад өглөө бүр залбируулдаг л гэнэ.
Нэг ч үнэн юм байхгүй болохоор бухимдалгүй яахав дээ. Хажууд нь ойр байдаг эцэг эхийн хувьд хүүгээ мэдэхийн дээдээр мэддэг байгаа шүү.
Хүн л юм чинь хүү маань хааяа хөөрнө, хааяа орчноос тасраад таг дуугай болно, өнөөгийн шударга бус нийгмийг хүлцэж тэсэлгүй хааяа хатуу юм ууж найз нөхөдтэйгээ ярьж дотроо бага ч гэсэн онгойлгоно.
Ер нь бол сэтгэлийн л хүн, түмний төлөө явж, ойр орчныхондоо тусалж түүнээсээ өөрөө кайф авч явдаг. Ямар ч эдийн шуналгүй, хааяа гадагшаа дотогшоо яваад ирэхдээ үнэтэй брендийн бэлэг авчраад өгөхөд нээг их баярлахгүй, тэгсэн мөртлөө өөрт нь таалагдсан жаахан зүйлд учиргүй баярлана. Хүмүүсийн яриад байгаа шиг баян тарган бишээ хүү минь, гэхдээ хэнээс гуйхааргүй гэр бүлийн бизнесээ хийгээд өөрийнхөө оюун ухаанаар бичсэн номоо борлуулаад амьдрал нь болоод л явж байна.
Мэдээж хүн л юм чинь мөнгөний хэрэгцээ гарч л байгаа, гэхдээ хүү маань нэг ч удаа эцэг эхээсээ мөнгө гуйж ирдэггүй. Гаднаас санхүүждэг гэж их дайрах юм, үнэхээр хүүг маань гүтгэж харлуулах гэж байгаа бол жаахан ухаж төнхөж, баримттай зүйл яриач. Хэдхэн хоногийн өмнө Пүүжээтэйгээ хамт бизнесээ өргөжүүлнэ гээд Худалдаа Хөгжлийн Банкинд зээлийн хүсэлт өгөөд явж байна гээд манайхаар ороод гарсан даа. Банкин дээр нь очоод шалгаарай.
Чин үнэнийг хэлэх үү? Одоогийн нийгэмд миний хүү шиг хүн ховор шүү. Болж бүтэж, бизнес нь амжилттай яваа эрхэмүүд тэрүүхэндээ довоо шарлуулаад таг дуугай явцгааж байдаг. Мэдлэг боловсролоор маруухан өнөө маргаашаа аргацааж байгаа дийлэнх хэсэг нь захиалгаар ажлаа хийдэг имплүүсэр гээч нөхдүүдэд тархиа угаалгаад үнэн худлаагаа ялгах чадваргүй, хаашаа л бол хаашаа хуйларч байна.
Хүүтэйгээ ярьсаан ярьсан, юу миний хүүг ингэж бухимдуулж, хараал ерөөл бичихэд хүргэв, яагаад эхэлсэн зүйлээ зогсоов гээд л.
Та нар төсөөлөхгүй байх л даа, тал талаас асар их дайралт ирсэн. Үр хүүхдүүдийг чинь ална хядна, өөрийг чинь хорлоно, өвчтэй дүүг чинь цааш харуулна, хамаатан садан, ах дүү нарын чинь бизнесийг зогсооно гээд л маш олон дайралтууд ирсэн гэнэ. Тэгэхээр энэ утаа гээч зүйлийг арилгах дургүй, утаанаас ашиг хонжоо олж байгаа ямар том бүлэглэл байгаа нь харагдаж байгаа биз.
Хамгийн их хүүг маань бухимдуулсан зүйл бол өнөө утааг үзэн ядаад байгаа, утаанаас болж үхлээ хатлаа гээд байгаа ард иргэд чинь хэдэн захиалгат бичигч нарынхаа талд орчихсон олноороо хүү рүү маань дайрч эхэлсэнд үнэхээр урам нь хугарсан юм билээ.
Тэгэхээр энэ утаа нэг хэсэгтээ арилахгүй байх өө.
Жич: Миний хүү ид шидтэн биш, мэдээж өргөс авсан юм шиг энэ утааг арилгаж чадахгүй нь үнэн. Гэхдээ л төр засагт нөлөөлж асуудлыг энэ зүг хандуулж, утаа шийдэх асуудал дээр дорвитой төсөв тавиулж, энэ өмхий утаанаас хурдан салах асуудал дээр төр засгийг хөдөлгөж, асуудлыг хурдан шийдэхэд нөлөөлөх л байсан байх".
Гэрэл зургийг Chadraabal Bayarmagnai Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.