100 настнууд хаана юу хийж байна?
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
“Зуу насалж, зургаадай таяг тулаарай” гэсэн монгол ардын бэлгэ дэмбэрэлтэй үг бий. Манай улсын хамгийн өндөр настнаар 107 настай хүн тодорсон тухай мэдээллийг өнөөдөр ҮСХ-оос мэдээлэв. Учир нь 10 дугаар сарын 1 буюу энэ өдөр манай улсад Ахмадын баяр тохиож байна. Мөн энэ цаг үед Монголын ахмад настнуудтай холбоотой олон сонирхолтой мэдээлэл, статистик хөвөрч байдаг. Тэгвэл “Gerontology Research Group” судалгааны төвийн мэдээллээр дэлхий даяар 110 ба түүнээс дээш настай 150 хүн амьдарч байгаа гэнэ. Тэдгээр эрхмүүдийн талаар сонирхолтой мэдээллийг эмхэтгэн хүргэж байна.
Хатан хаан Элизабэтээс жил бүр төрсөн өдрийн мэндчилгээ авдаг
Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бүртгэгдээд байгаа Английн иргэн, 111 настай Жон Альфрэд Тиннисвүд 1912 оны наймдугаар сард Английн Ливерпүль хотод төрсөн бөгөөд "Титаник" хөлөг онгоц живсэн жил мэндэлсэн гэдэг. Тэрбээр дэлхийн хоёр дайныг туулан эдүгээ дайнаас амьд үлдсэн хамгийн өндөр настай эрэгтэй болоод байгаа юм. Урт наслах нууцын талаар асуухад тэрбээр “Аз, аз” хэмээн хошигноод “Гэхдээ би тамхи татдаггүй, архи тохируулж хэрэглэдэг. Хэт их ууж идэх, хэт хөдөлгөөнтэй байх нь сайн биш. Аливаа юмыг хэтрүүлэх муу” гэжээ. 2012 онд 100 нас хүрснээсээ хойш тэрбээр хатан хаан Элизабэтээс жил бүр төрсөн өдрийн мэндчилгээ хүлээн авдаг байжээ. Насаараа нягтлан бодогчийн ажил эрхэлсэн тэрбээр одоо асрамжийн газарт амьдарч, бие эрүүл, ухаан саруул, өдөр тутам радио сонсож, мэдээ уншиж цагийг өнгөрөөдөг байна.
Одоо ч үсээ зассан хэвээр
Зүүн Японы нэгэн тосгонд амьдардаг 107 настай Шицүи Хакоиши дэлхийн хамгийн өндөр настай үсчин болжээ. Түүнд энэ батламжийг АНУ-ын Флорида мужид төвтэй “LongeviQuest” компанийн захирал Бэн Мэйэрс энэ оны нэгдүгээр сарын 7-нд гардуулан өгчээ. Үсчин Ш.Хакоиши нь өнөөг хүртэл тосгондоо үсчний газраа ажиллуулан сард таван хүний үс засдаг ажээ. Тэрбээр 14 настайдаа Токиод очиж үсчний сургалтад суугаад тэндээ амьдрал зохиож, нөхрөө дайнд явсны дараа Хоккайдо мужийн Камикава хотын Накагава дахь тосгондоо хоёр хүүхдийнхээ хамт иржээ. Гэвч нөхөр нь дайнд үрэгдсэн байна. Иймээс Т.Хакоиши нөхрийнхөө "Хүүхдүүдээ сайн өсгөөрэй" гэсэн захиасыг санаж явсаар дайн дууссанаас найман жилийн дараа 1953 онд үсчний газар нээжээ. 70 жил үсчнээр тууштай ажиллаж байгаа түүнээс залуучууд зөвлөгөө өгөхийг хүсэхэд "Энэ хэцүү ч гэлээ би ганцхан зорилгын төлөө ажиллаж ирсэн. Тэр бол үс л засах. Тиймээс би залуучуудыг ямар ч эргэлзээгүйгээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж итгэдэг" хэмээжээ. Т.Хакоиши 1916 оны луу жилд төрсөн, энэ 2024 онд жил нь орж байгаа хүн юм.
Диснэйлэндэд очиж төрсөн өдрөө тэмдэглэв
АНУ-ын Флорида мужийн 106 настай иргэн Магнолиа Жэксон төрсөн өдрөө Диснэйлэндэд тэмдэглэн мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр хөлбөмбөгийн тэмцээн үзэж байхдаа завсарлагаанаар нь Микки Маусын тоглолт хараад Диснэйлэндэд очихыг мөрөөдөх болжээ. Үүнийг нь Диснэйлэндийн удирдлага дуулаад төрсөн өдрөөр нь хүрээлэндээ урьж авчирсан бөгөөд түүнд зориулж Микки Маусын хэлбэртэй том талбай засан гоёмсгоор чимэглэжээ. Талбайд 106 гэсэн тоо дүрсэлсэн агаарын бөмбөлөг хөөргөж Диснэйн баатрууд зөвхөн түүнд зориулж тоглосны дээр баярын бялуу, титэм бэлэглэжээ. Улмаар М.Жэксоныг хүрээлэнгээр дагуулж яван бүх тоглоом, үзвэрүүдийг үзүүлсэн гэнэ.
Загварын тайзан дээр хуримын даашинзтай
Японы Хёого мужийн Ашияа хотод асаргаанд байдаг настайчуудын дунд зохион байгуулсан загварын шоунд 100 настай эмэгтэй хуримын цагаан даашинз өмсөн алхсан байна. Тэрбээр “Би хуримаа хийхдээ кимоно өмсөж байсан болохоор цагаан даашинз өмсөж алхсандаа маш их баяртай байна” хэмээгээд “Олны анхаарлын төвд ороод арван насаар залуужуулах шиг боллоо” гэжээ. Настай моделиудын өмссөн даашинзыг "Мүкогава" эмэгтэйчүүдийн их сургуулийн Хүний хүрээлэн буй орчны шинжлэх ухааны төвийн оюутнууд урлаж, мэргэжлийн хүмүүс нүүрийг нь будаж өгсөн аж.
Сайн уу? Би сайн дурын ажилтан байна
Их Британийн иргэн 100 настай Питер Дэвис зургаан жилийн өмнөөс бага сургуульд сайн дурын ажил хийх болжээ. Учир нь, тухайн үед эхнэрээ алдаж ихэд ганцаардах болсон тул хүүхдүүдэд ном уншихад туслах сайн дурын ажил хийхээр шийдсэн байна. Тэрбээр Дэлхийн II дайнд оролцож байсан ахмад дайчин юм. Иймд энэ жил Чарльз хааны анх удаа гардуулсан Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулжээ. Одоогоор Их Британид ийм одонтой 305 хүн бий ажээ. Түүний ажилладаг бага сургуулийн ахлах багш Вики МакПерсон түүнийг "Урам зоригтой, нөхөрсөг, бодлогоширсон, халамжтай" хэмээн тодорхойлсон байна. Мөн зургаан жилийн турш хүүхдүүдэд цаг зав гаргаж, тэднийг унших дуртай болгосон гэжээ. П.Дэвис Агаарын цэргийн хүчинд алба хааж байсан учраас хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэхийг харах дуртай гэнэ. Тэрбээр “Би өөрийнхөөрөө амьдарч буй хөгшин өвгөн биш, харин нийгмийн харилцааны нэг хэсэг” гэсэн байна.
Шүхрээр буусан, удахгүй агаарын бөмбөлөгөөр аялна!
АНУ-ын Чикаго хотын иргэн, 104 настай Дороти Хоффнер одоогоос яг нэг жилийн өмнө 4200 метрийн өндрөөс шүхрээр үсэрч амжилттай газардан дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин болжээ. Тэрбээр анх дөрвөн жилийн өмнө буюу яг 100 настай байхдаа шүхрээр бууж байсан бөгөөд энэ нь түүний хоёр дахь оролдлого юм. Д.Хоффнер энэ удаад шүхрийн комбинезоны оронд энгийн хувцас өмсөж, бугуйндаа өндрийн хэмжүүр зүүн онгоцонд суужээ. Онгоц 4000 гаруй метрийн өндөрт хүрэхэд тэрбээр хамгаалалтын хэрэглэлээ өмсөн огтхон ч эргэлзэлгүйгээр тэртээ доор тарлантан харагдах тариалангийн талбай руу үсрэн бууж. Улмаар газардах хүртэлх долоон минутын хугацаанд огтхон ч сандарч тэвдээгүй бөгөөд олон жилийн туршлагатай шүхэрчин шиг л зөөлөн газардсан байна. Бууж ирсэн хойноо тэрбээр "Тэнгэрт байх үнэхээр сайхан санагдсан. Бүх зүйл баярлаж хөөрмөөр гайхалтай байсан” гэжээ. Мөн тэрбээр “Аливаа зүйлийг зориглон хийхэд нас бол зүгээр л тоо шүү дээ” гэсэн байна. Мөн тэрбээр 12 дугаар сард буюу 105 нас хүрэхдээ агаарын бөмбөлөгөөр дахин тэнгэрээр аялах бодолтой байгаагаа хэлжээ.
“Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэв
Филиппиний алдартай шивээсчин 106 настай Ван-Одын зураг загварын “Vogue Philippine” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарч байсан билээ. Тэрбээр 1917 оны хоёрдугаар сарын 17-нд төрсөн бөгөөд 16 настай байхдаа ааваараа шивээс хийхийг заалгажээ. Улмаар зэргэлдээх тосгоноосоо авахуулаад хот тосгод дамжин хүмүүсийн хүсэлтээр очиж өвөг дээдсийнхээ бэлгэ тэмдгийг тэдний бие дээр шивж өгдөг болсон байна. Шивээс хийхдээ ус, нүүрсийг хольж бэх гаргаж, нутагтаа ургадаг жимсний модны өргөсийг ашигладаг байна. Мөн геометрийн дүрс болон байгалиас санаа авсан шивээс гол төлөв хийдэг ажээ. Филиппинчүүд Ван-Одыг 2017 онд "Үндэсний амьд эрдэнэ" шагналд нэр дэвшүүлж байсан удаатай. Тэрбээр өнөөгийн филиппинчүүдийн ярьдаг тагалог эсвэл англи хэлээр ярьдаггүй, зөвхөн нутгийн батбат хэмээх хэлээрээ ярьдаг байна. Ийнхүү 106 настай, биеэрээ дүүрэн шивээстэй Ван-Од тод хүрэн ягаан өнгөөр уруулаа будаж, уламжлалт зүүлтээр гангаран хар майк өмсөж "Vogue" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимж, олны анхаарлыг татаж байв. Түүний оролцсон сэтгүүлийг алдартай загвар өмсөгч Жижи Хадид, Кара Делевинь нар Инстаграм сторигоороо хуваалцсан юм. Мөн Ван-Од "Vogue" сэтгүүлд гарсан хамгийн өндөр настай эмэгтэй болж байв.
Завгүй ажилласаар өдий насалснаа ч анзаарсангүй
Японы иргэн, 101 настай Томоко Хорино хэмээх эмэгтэй эдүгээ хүртэл гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж, зөвлөгөө өгсөөр байгаа нь энэ салбартаа дэлхийн дээд амжилт тогтоожээ. Хадагтай Т.Хорино 1962 онд 39 настайдаа гоо сайхны бүтээгдэхүүний “Pola” компанид худалдагчаар ажилд орж, улмаар гоо сайхны зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд одоо хүртэл энэ ажлаа хийсээр байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сарын 9-ний өдөр 101 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд гэрээсээ 7 км зайд байрлах ажилдаа автобусаар ирж очин, шинэ бүтээгдэхүүний сургалтад байнга хамрагдаж, үйлчлүүлэгчидтэй биечлэн уулзаж зөвлөгөө өгсөөр байгаа ажээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд тэр сар бүр 100 мянган иений борлуулалт хийж төлөвлөгөөгөө давуулан биелүүсээр ирсэн байна. Мөн цар тахлын хөл хорио тогтоосон үед ч үйлчлүүлэгчидтэйгээ утсаар холбогдож, цахимаар зөвлөгөө өгсөөр байжээ. Т.Хорино олон жил эрхэлсэн ажлынхаа тухайд “Би өдөр бүр завгүй ажилласаар ирсэн болохоор өдий насалснаа ч анзааралгүй өнгөрчээ” хэмээн хошигнов.
Нас барахдаа тархиа хандивлав
АНУ-ын хамгийн өндөр настай эрэгтэй Морри Маркофф энэ оны зургаадугаар сард 110 насандаа таалал төгсөхдөө өөрийн тархиа хандивлах онцгой нэгэн шийдвэрийг гаргажээ. Төмөр утсаар баримал хийдэг, блог хөтөлдөг байсан тэрбээр нас барсных нь дараа тархийг нь эрдэм шинжилгээний зорилгоор судлахыг зөвшөөрсөн нь шинжлэх ухаанд өндөр үнэ цэнтэй болохыг мэргэжилтнүүд онцлоод “Таван хүн тутмын нэг нь нас ахих тусмаа янз бүрийн өвчин эмгэгтэй болдог. Ноён М.Маркоффын эдээс бид эрүүл саруул өндөр наслах тухай олон зүйл судалж мэднэ. Энэ бол бидэнд өгсөн гайхалтай бэлэг” гэсэн байна. М.Маркофф нь Оросоос цагаачлан АНУ-д очсон еврей гэр бүлд Дэлхийн I дайн эхлэхээс зургаан сарын өмнө буюу 1914 оны нэгдүгээр сарын 11-нд мэндэлжээ. Түүний эхнэр 103 наслаад 2019 онд нас барсан бөгөөд тэд 81 жил хамтдаа амьдарсан гэнэ. Нас дээр гарсан ч тэд өдөр бүр хөтлөлцөөд гадуур алхдаг, хөдөлгөөнтэй хүмүүс байсныг охин нь дурсан ярьжээ. Мөн аав нь бусдын л адил жирийн хооллож, хааяа архи уудаг, харин хуванцар саванд ус уухаас татгалздаг байсныг нь ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.