images

Их Монгол аваргын яриа: Их их нэртэй бөхчүүд, идэр хүчтэй залуучуудыг унагааж байсныг алийг тоолж барах буй

Duuren.Life

Соёл эрдэнэ

2024-05-23


   Одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт 1877 онд төрсөн Их Монгол хэмээх Шаравжамц аваргын өнгөрсөн зууны 50-иад онд ярьсан яриаг нийтэлж байна. Түүний энэ ярьсныг Нэрэндоо хэмээх хүн сонсон авч сийрүүлсэн бөгөөд монгол бичгээс кирилл үсэгт Үндэсний төв архивын ахлах архивч Ж.Баасансүрэн буулгажээ.

   “Миний ид залуу байх цаг үес дор Халх голын Хөлөнбуйрын хошууны Балсанлхүндэв арслан хэмээх маш сүрхий их хүчтэй хүмүүн байсан юм. Балсанлхүндэв арслангийн гар хүмүүний гуян дор хүрвээс ямарч хүмүүн тэсвэрлэж чаддаг үгүй унадаг байсан. Би тэрхүү Балсанлхүндэв арслантай нэг барилдаад унагаж дийлж байсан. Мөн тэр үед зүүн аймгийн Дугар, Гэлэгсэнгэ аварга гэж ах дүү 2 аварга байсан. Би тэднийг барилдаж байхад бага залуу байсан учраас тэдний ам дор ноогдоогүй тул барилдаж үзээгүй юм. Тэр үед би хэдийд боловч их цолтой бөхчүүд бага цолтныг амлаж авдаг заншилтай билээ. Би бүгд наадамд жил өнжөөгүй барилдсан бөгөөд барилдсан наадмын тоо маш олон тул тоог мартжээ. Өөрийн хошуу нутаг ба эргэн тойрны их бага наадамд бүтэн арван дөрвөн жил газарт унал үгүй ямагт тэргүүлж байсан билээ. Урьд Богд хааны даншигт зүүн аймгийн Буянтогтох аваргатай хоёул үлдэж Буянтогтох аваргатай барилдаад түүнийг унагаасан дор тэр Буянтогтох аварга нь Богдын хүчтэй бөх болох учраас тэр үед байсан Халхын дөрвөн аймгийн агаад Богдын Эрдэнэшанзудва, Хятад манжийн амбан ноёдууд Богдын бөхийг унагаасан болсон үгүй тул дахин барилдсугай хэмээсэн ёсоор дахин барилдахуй дор Буянтогтох аварга нь дэргэдээ байсан засуулын хамтаар унаж байсан болно. Үүн дор Богд хаан ба ноёд, лам нараас тэргүүлсэн бөхийн бай шагналыг Буянтогтох аварга дор өгсөн ба алдар цолыг над дор өгсөн болно. Түүний хойтон жил манай ноёны хойтыг Далай гэгч зэрэг залгаж миний биеийг хуучин заншлаар Богд хан дор өргөж Богдын бөх болгосон амой.

    Хуучин Манж ба Автономитын үеийн Богд хааны даншиг наадам дор би зургаан удаа шөвгөрч, хоёр удаа тэргүүлсэн болно. Энэ үе дор миний цол нь: Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч аврал итгэл, Оройн дээд Очирдарь Богд гэгээн таны улам нэмэх уламжлан дуурсах цол нэмэх, цогт идэр, өдөөн дэлгэрэх, үнэн хүчит, бат ерөөлт, баатар зоригт, саруул хурц, сэцэн шударга, тун ч гарамгай, онц түрэмгий, олноор маш гайхамшигт, бат суурьт даян аварга гэдэг цолыг хүлээж байлаа. Мөн Ардын хувьсгалт засаг төр мандсанаас хойш өөрийн цэрэгт явсан хүүгээ эргэж ирэхийн далимаар жар илүү насалсан хойноо ирж барилдаад энэ цэрэг ардын их наадамд бүгд 4 удаа оролцон барилдаж өнгөрсөн болно. Энэ өнгөрсөн 50 гаруй жилүүдийн дотор орчин тойрны хошуу сумын буюу аймаг болон улсын баяр наадмууд дор барилдаж дөчөөс дорогш үгүй удаа тэргүүлсэн ба мөн энэ наадмууд дор их их нэртэй бөхчүүд, идэр хүчтэй залуучуудыг унагааж байсныг алийг тоолж барах буй. Тэр болгоны нэр тоог одоо мартсан бөгөөд дэс дараалан хэлж чадах үгүй болох тул төдий л бичүүлээд байх зүйлүүд үүнээс өөр ер алга хэмээв. Үүнийг үнэн зөвөөр бичсэн Нэрэндоо”.  

Эх сурвалж: Монгол улсын үндэсний төв архив, Х-11, Д- 1, ХН 556ийн 6-10 дугаар тал.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.