Богд хаант Монгол улсаас Франц улсад илгээсэн 1912 оны бичиг
Соёл эрдэнэ
2024-04-05
Монгол, Франц хоёр улсын харилцаа өнө эртний түүхтэй. 1252 онд Людовик IХ хааны элч Виллиам де Рубрук Хархорумд ирсэн бол 1289, 1305 онд Ил хаант улсын Аргун, Өлзийт хаан Францын хаан Гоо Филипптэй дипломат захидал бичиг солилцож байв. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд шинэ тутам байгуулагдсан Монгол улсын Засгийн газар дэлхийн тэргүүлэгч гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжүүлэх бодлого баримталж байв. 1912 оны 11 дүгээр сарын 3-нд Монгол улс Хаант Орос улстай найрамдлын гэрээ, тусгай хавсарган тогтоосон худалдааны гэрээ байгуулсны дараа үүн лүгээ адилаар найрамдалт харилцаа тогтоон, худалдааны гэрээ байгуулахыг хүссэн ноот бичгийг Франц, Англи, Герман, Америк, Бельги, Япон, Дани, Голланд, Австри-Унгарын эзэнт улсад явуулжээ. Үүнд, 1912 оны 11 дүгээр сарын 18-нд Монгол улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас Франц улсын Гадаад хэргийн яаманд, 1912 оны 12 сарын 24-нд Монгол улсын Богд хаанаас Франц улсад Монгол улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоох хүсэлт тавьсан бичиг илгээсэн билээ. Энэ бичгийн эхийн хуулбар, худам монгол бичгээс кирил монгол бичигт хөрвүүлсэн хөрвүүлгийг толилуулж байна.
Илгээх бичиг
Монгол Улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг
Их Фа улсын Гадаадын хэргийн явдлын яамнаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир, эдүгээ манай улсын Засгийн хэрэг шийтгэх газраас хүргэн ирсэн бичигт, эдүгээ манай Монгол Улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдахгүйгээр сахих учраа нэгэнт Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөөн эзэрхэх улс төр байгуулан Халх Монголын шарын шашны эзэн Жибзундамба блама юугаан Монгол Улсын хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулаад, Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн халсан зэрэг явдлыг эрхэм яамнаас олон гадаад улсад зарламуу хэмээн бичиг хүргэн иржээ. Иймийн тул манай яамнаас олон улсад мэдтүгэй хэмээн явуулснаас гадна үүнийг эрхэм явдлын яамнаа мэдтүгэй хэмээн явуулаад уламжлан эрхэм Засгийн хэрэг шийтгэх газраа нэвтрүүлэн байцаан үзэж хүлээгээд, гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгамуу. Үүний тул мэдтүгэй хэмээн илгээв.
Олноо өргөгдсөний хоёрдугаар он, өвлийн тэргүүн сарын шинийн есөн.
Эх сурвалж: Гадаад харилцааны төв архив. Х-34, Д-1, ХН-1, Х.253-254
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.